Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтад үнэтэй эх сурвалж болсон, орчин үеийн геологи, уул уурхайн салбарын хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл, онол, практикийн ач холбогдолтой, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.
Бүтээлийн Ерөнхий эрхлэгч:
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбат;
Бүтээлийн ерөнхий редактор:
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, тэргүүлэх профессор Лхамсүрэнгийн Пүрэв;
Хамтран зохиогч;
Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор Содномын Цэрэндорж;
Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор, доктор Жамъянхорлоогийн Цэвэгмид;
Мөн:
Соёл, урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
Оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.
Уншиж байна |