Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй иргэд Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалыг эсэргүүцэж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд цуглаан хийж байна.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Оросын Гадаад хэргийн сайд Монголыг шахаж, өөрийнхөө дайны дэмжигч болгох гэж ирж байна. БИд бол украинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаа. Учир нь бид Украинтай адил жижиг орон. Бид ЗХУ-ын “суганы үс” байх үеийн асар их зовлонг мэднэ. Их гүрний “суганы үс” байх үедээ би 40-өөд мянган гэм зэмгүй монголчуудынхаа амь насыг сүйтгүүлсэн. Төрийн олон зүтгэлтнүүдээ Сталины шахалтаар цаазлуулсан. Тэр үед бид энэ улсынхаа эзэн нь байж чаддаггүй байсан. Монголын хэргийг дандаа Москвад шийддэг байсан. Энэ гамшгуудыг үзээд бид 1990 онд ардчилсан хувьсгалыг хийсэн.
Гэтэл өнөөдөр С.Лавров манайх шиг жижигхэн улс руу дайрсан дайндаа Монголын дэмжлэгийг авах гэж ирж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Хөрш орноо түрэмгийлдэг Путины хариуцлагагүй үйл ажиллагаа даамжирвал дараагийн ээлж нь Монгол байна. Үүнд битгий эргэлзээрэй.
Монголын цахим сүлжээг Путины троллууд эзэлсэн байна. Үүний дараа ажиллагаа явна. Энэ ажиллагаагаа шахах гэж Лавров ирсэн байх гэж бид хардаж байна.
Монгол Путины Оросын “суганы үс” болохгүй. Бид ямар ч их гүрнээс айхгүй. Бид өөрийн эрх чөлөөгөөрөө амьдарна. Монгол сүүлийн 30 жилд эрх чөлөөнийхөө амтыг мэдэрсэн ард түмэн. Дахин "суганы үс" болгох гэж байгаа бол санааны гарц.
Аялагч П.Ганхүү: Монголчууд бид дайныг эсэргүүцэж байгаа 144 орны нэг нь байх ёстой. Үүргэвчтэй аяллынхаа хүрээнд 10 гаруй улсаар аялахдаа нэг зүйлийг анзаарлаа. Оросуудыг бүр өрөвдлөө. Нүүрээ нууж явж байна. Оросоор ярихаасаа эмээж байна. Казахстанаас ирсэн гэж худлаа хэлж байна. Энэ дайн Оросын жирийн иргэдийг “алж” байна. Онгироо, том яриатай нөгөө бардам оросууд байхгүй болчихож. Монголд ирж байгаа жирийн иргэдэд хүндэтгэлтэй хандаарай.
Лавровт бол төр засгийнхан К.Токаев шиг хариу өгөх ёстой. Петербургийн эдийн засгийн форум ямар инээдтэйгээр төгсөв. Уригдсан К.Токаев Путины хажууд сууж байгаад Луганск, Донецкийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шууд зоригтой хэлж чадаж байна. У.Хүрэлсүх ийм Ерөнхийлөгч байх ёстой.