С.Эрдэнэ: Үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа УИХ тарсан нь дээр

АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ сул дорой УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байна. Тэрбээр “Г.Занданшатар гэдэг нөхөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулчихаад яаж цээжээ дэлдэж байлаа. Дахиад 10 жил Үндсэн хуульд хүрэхгүй гэж ярьсан. Хоёр жил болоогүй байхад Үндсэн хуулийг дахиад бариад авлаа. Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчилдөггүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр “Бид шүүмжлэхийн тулд шүүмжлээгүй, эрх баригчдын үйл ажиллагааг үгүйсгэж, зориуд харлуулж, гутаах гэж хандаагүй. Өнгөрсөн он жилүүдэд АН бүх асуудалд хүлээцтэй хандаж, улс орны нийгэм- эдийн засгийн хүнд нөхцөлийг байдлыг давахад нь боломж олгож ирсэн. Тэр болгонд эрх баригчид даварч, хэтийдсэн үйл ажиллагаа явуулж ирлээ. Эдийн засгийн үзүүлэлтийн зарим тоог хэлэхээс ч айж байна. Төрийн тааз гэх ойлголтгүй болсон. Улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг улстөрч, улс төрийн намгүй болсон. Популист улстөрчдөөр энэ улс дүүрч байна. Цээжээ дэлдэж гоё ярьсан, иргэдийг хуурсан, аргацаасан байдлаар улсыг авч явж байна” хэмээн эрх баригчдыг шүүмжиллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ