Чөлөөт бүсүүдийг сарын дотор "амь" оруулах үүрэг өглөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө.
Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад 20 жил болж байна. Гэвч шийдвэр хэрэгжиж, зорилт биелсэнгүй. Төр төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг дангаар хийхийг оролдсон ч чадаагүй. Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлаагүй, олон ААН-үүдэд газрыг замбараагүй олгосон ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсийн 900 га талбайн 113.9 га газрыг 81 ААН-үүдэд олгосон байна. Гэтэл үүний 5 нь тогмол үйл ажиллагаа явуулж байна. Алтанбулагийн 500 газрын 120-ыг 131 ААН-д олгосон. Одоо 29 ААН үйл ажиллагаа явуулж байна. Цагааннуурын 708 га газрын 101 га-г 4 ААН-д олгосон ч үйл ажиллагаа эхлээгүй байна.
Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, чөлөөт бүсүүдийг Ерөнхий төлөвлөгөөг яаралтай хийж, Засгийн газраар батлуулахаар болсон байна. Харин хэсэгчилсэн төлөвлөгөөг хувийн хэвшлийн сонирхолд нийцүүлэн гаргахаар шийдвэрлээд байна.
Мөн хөрөнгө оруулсан, санхүүжилтийн эх үүсвэрээ олсон, зураг төсвөө хийсэн ААН-үүдийн үйл ажиллагааг нэн яаралтай, сарын хугацаанд идэвхжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүргийг өгсөн байна. Үүнийг хийхдээ чөлөөт бүсүүдийг эрэмблэх юм байна. Замын-Үүд чөлөөт бүсэд дэд бүтцийн хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн. БНХАУ-ын 58.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар дулааны станц, ариутгах төхөөрөмж хийгдсэн. Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллараар ААН-үүдэд дэд бүтэц хүргэх ажил хийгдэж байна. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг эхэлж, дараа нь Хөшигийн хөндийн төлөвлөлтөд анхаарч ажиллахыг Засгийн газраас даалгалаа.
Үүний зэрэгцээ үйл ажиллагаа явуулахгүй байгаа газрын эрхийг цуцлах чиглэлээр ажиллана гэдгийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ