УИХ-ын гишүүд тангаргаа зөрчиж, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Гавъяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Б.Бямбадорж, Ардын их хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа нар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа. Тэд хууль зөрчиж хийж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Б.Бямбадорж: 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс өмнө 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг баталсан. Үндсэн хуулийг тогтвортой мөрдөх ёстой. Дэлхийн анхны Үндсэн хууль, АНУ-ын хууль 1787 онд батлагдсанаас хойш 200 гаруй жил болоход 26-хан нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Үндсэн хууль бол суурь хууль.
Болохгүй, бүтэхгүй бүхнийг Үндсэн хууль руу чихээд байна. Үндсэн хууль амьтай, баталсан хүмүүс нь өнөөдөр амьд байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 1.2 хэсэгт “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдсан хэрэг гэж үзнэ” гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн ямар төсөл байгаа нь бүү мэд. Ямар ч шалгуур үзүүлэлтгүй.
Үндсэн хуулийн 25.2.3-т онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно гэсэн заалт бий. 12 дугаар сарын 31 хүртэл сунгасан Ковидын хуульд Гамшгийн тухай, онц байдлын тухай хуулиуд орсон байна.
Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол 8 жилийн дотор дахиж нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байгаа. Үүнийг зөрчиж байна.
Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болж, ард түмний оюун ухаанаар бүтсэн Үндсэн хуулийг ойр ойрхон нурааж болохгүй.
Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав: УИХ-ын гишүүд Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, Монголын ард түмний төлөө чин шударгаар ажиллана гэж тангараг өргөдөг. Өнөөдрийн парламентын гишүүд тангаргаа зөрчиж байна.
Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээгүй. Харин өөрчлөлтийг Үндсэн хуулийн дагуу, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу хийхийг шаардаж байна. 2000, 2019 онд оруулсан өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн. 2012 онд гаргасан Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийг цэц энэ сарын 27-ны өдөр дахин хэлэлцэхээр зарласан байна. УИХ-ын гишүүдийг намын жагсаалтаар сонгох заалтыг өөрчилж, намын удирдлагуудад тохируулж хийх гэж байна.
20 намын дарга тунхаг бичиг хийгээд Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Энэ бол Үндсэн хуульд халдсан хуйвалдаан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, нас намба тогтсон хүмүүсийг хувиар энэ бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
Үндсэн хуульд ард түмний хүсэн хүлээж байгаа томоохон өөрчлөлтийг хийх ёстой. 76 гишүүнийг 99, 120 болгосноор чанарын ямар ч өөрчлөлт гарахгүй. Өнөөдрийн парламент ард түмний үгийг сонсдоггүй. Ард түмнийг сонсохын тулд Дээд хуралтай болж, хууль тогтоох доод байгууллагатай хяналт тавьдаг байх ёстой.
Төрийн сүлдийг өөрчилнө гэнэ. Төрийн сүлднээс болоод Монголд авлига, оффшор, ядуурал газар аваагүй. Төрийн сүлднээс адууг авч хаях гэж байна. Монголын ард түмнийг үндэсний өв уламжлалаас нь хөндийрүүлэх гэж байна.
Бидний амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байх ёстой УИХ-ын гишүүд тандалт судалгаа хийх гэнэ. Үндсэн хуулийг тандалт судалгаагаар хийдэггүй юм. Дэлхийн аль ч оронд ийм туршлага байхгүй.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ