Тува, Халимаг, Буриад улсын бөхчүүд улсын наадамд зодоглох хүсэлтээ ирүүлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хурдан морины унаач хүүхдийг хэрхэн хамгаалах болон бөхийн барилдаанд монгол туургатны бөхчүүд барилдах боломжтой эсэхийг тодрууллаа.
Түүний асуултад ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Өмнөх хуулиар 7 болон түүнээс дээш насны хүүхдээр хурдан морь унуулах зохицуулалт байсан. Энэ хуулиар 8 болон түүнээс дээш байхар хуульчлагдаж байгаа. Мөн зөвхөн баяр наадмын өдрүүдэд даатгалтай байсныг бүтэн жил болгож, эцэг эхээс заавал бичгээр зөвшөөрөл авах, хүүхэд бэртсэн тохиолдолд эмчилгээний зардлыг уяач, морины эзэн хариуцах зохицуулалтыг оруулж байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр одоогийн хуулиас илүү зохицуулалт оруулж өгсөн.
Өмнөх хуульд гадны бөх, бусад аймаг, сумын бөхийг барилдахыг хориглоно гэсэн хаалт хязгаар байгаагүй. Улсын иргэншлээс хамаарч үндэсний бөхөөр барилдуулахгүй гэсэн ялгаварлан гадуурхалтын заалт байхгүй. Одоогийн байдлаар ОХУ-ын Тува, Халимаг, Буриадын бөхчүүд улсын баяр наадамд барилдах хүсэлтээ Бөхийн холбоонд ирүүлээд байна. Бид баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулж, барилдах боломжийг нь хангах чиглэлээр ажиллаж байна гэсэн хариултыг өглөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ