Төрөөс олгодог 1600 зөвшөөрлийг 350 болгон бууруулсан хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан санаачлагч гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монголын баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, татвар төлөгч, ард иргэд, ААН-үүдийг маш том дарамт, хүлээсээс чөлөөлсөн чухал хууль батлагдлаа. Анх 2002 онд тусгай зөвшөөрлийн хуулийг баталсан. Тэр үед төрөөс 200 орчим тусгай зөвшөөрлийг олгодог байсан. Биднийг хууль санаачилж байхад 2019 онд тусгай зөвшөөрлийн тоо 1400 байсан бол хууль батлагдсан өнөөдөр 1600 хүрсэн байна. Зөвшөөрөл олгох нэрээр иргэд, ААНБ-ыг дарамталдаг, шан харамч авдаг, үйлдэл болон эс үйлдэхүйгээрээ авлигыг цэцэглүүлэх таатай орчныг бий болгож байсан. Энэ хууль хэрэгжиж эхлэхээр зөвшөөрлийн тоо 1600-аас 350 болж, тав дахин буурна. Ингэснээр төрийн дарамт шахалт тав дахин өнгөрнө гэсэн үг.
Энэ хуулиар зөвшөөрөл авахаас бусад нь чөлөөтэй. Хүний эрүүл мэнд, амь нас, байгалийн нөөц баялаг, экологид хохирол учруулах, ҮАБ-тай холбоотой асуудалд л төрөөс зөвшөөрөл олгоно. Бусад үйл ажиллагааг чөлөөтэй явуулах эрхзүйн орчин бүрдэж байна” гэсэн мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энэ хууль батлагдсанаар зөвшөөрлийн тоог нэмэх боломжгүй болж байна. Зөвхөн хуульд өөрчлөлт оруулж байж, зөвшөөрлийн тоонд өөрчлөлт орно. Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулагдана. Энэ зөвлөл гурван жилд тутамд зөвшөөрлийн харилцаанд аудит хийж, шаардлагагүй зөвшөөрлийг хасаад явна.
Бид 15 орны зөвшөөрлийн хуулийг судалсан. Монгол Улсын бүх зөвшөөрөлд эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Зөвхөн эрсдэлтэй үйл ажиллагаануудын зөвшөөрөл үлдэж байна. Өргөс авсан мэт бэрхшээл шууд арилахгүй. Бусад хуулиудыг шинэчлэх чиглэлийг Засгийн газарт өгч байна.
Монгол Улс авлигын индексээр 111-д, бизнесийн орчноороо 85-д жагсаж байна. Энэ хууль батлагдсанаар ахиц гарна гэж найдаж байгаа”-гаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Зөвшөөрлийг энгийн болон тусгай зөвшөөрөл гэж хоёр ангилна. Энгийн зөвшөөрлийг 21 хоногт багтаан олгох ёстой. Хэрвээ энэ хугацаанд гаргаж өгөөгүй бол өгсөнд тооцохоор хуулинд тусгасан. Тусгаы зөвшөөрлийг 30 хоногийн дотор олгох ёстой. Мөн зөвшөөрлийн процессыг цахимаар хянах боломжтой гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ