УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын талаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. Сангийн сайд "НӨАТ-ын сугалгааг энэ сараас зогсоож байна. Сугалаа тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Буцаан олголтыг ойрын жилүүдэд 2 хувьд тогтвортой барих бодлоготой байгаа"-гаа хэллээ.
Тэрбээр “НӨАТ олон нийтийн анхаарлыг татдаг. НӨАТ-ын тогтолцоог хөндмөөргүй байна. Эдийн засгийн шинэ тогтолцоонд орсон сүүлийн 32 жилд бидний бий болгосон маш зөв татварын тогтолцооны нэг систем. Энэ бол дэлхийн 160 улсад байдаг татварын сонгодог тогтолцоо. Манай 10 хувь өндөрт тооцогдохгүй. Дэлхийн 36 улс 10 болон 10-аас доош хувь байгаа. Хятад 13, ОХУ 20, Европын бүс 21 хувь байдаг. Буцаан олголтоо хасвал манай 8 хувь гэдэг бол багадаа орно.
2015 онд Ибаримтын систем руу орсон. Энэ бол НӨАТ-ын системийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. 2015 онд 46 хувьтай байсан НӨАТ-ын хамрагдалт одоо дөнгөж 61 хувьтай байна. Бидний зорилго 90 хувьд хүргэх.
Энэ бол төсөвт маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Одоо төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого ордог, орлогын хамгийн том систем болсон. Тиймээс далд эдийн засгийг ил болгодог бодлого, системийг улам хөгжүүлж, тогтвортой байх хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |