МИК: Залруулга
2022-04-14

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлаар өгсөн мэдээлэлд дараах залруулгыг албан ёсоор хүргэж байна.

 

 

Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон 10 арилжааны банкнууд хамтран бодлогоор үүсгэн байгуулсан, 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон.

 

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог бөгөөд, эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй болно.

 

МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болоод байна.

 

Ковид-19 цар тахлын амаргүй үед иргэдийн өрхийн орлогыг бууруулахгүй, хадгалах зорилгоор Засгийн газраас хүү хуримтлуулахгүй ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг таван удаа гаргасан. Тус компани энэхүү арга хэмжээг арилжааны банкнуудтай хамтран түргэн шуурхай хэрэгжүүлж, нийт давхардсан тоогоор 182,594 өрхийн 9,4 их наяд төгрөгийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Үүний улмаас МИК нь сүүлийн хоёр жилд их хэмжээний алдагдал хүлээж байгаа ч 2021 оныг дуустал Монголбанк болон Сангийн яаманд купоны төлбөрийг хугацаанд нь төлж,  хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг ханган ажилласаар байна.

 

Компани нь энэхүү хөтөлбөрөөс гадна өөрийн үйл ажиллагааны хүрээнд зах зээлийн хүүтэй орон сууцны зээлийн хэрэгцээг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх зорилтыг хэрэгжүүлж Олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан, Монгол Улсын гадаад валютын албан нөөц, орон сууцны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, арилжааны банкнууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадварыг сайжруулж, урт хугацаатай, бага зардалтай эх үүсвэр олгох замаар дэмжлэг үзүүлж байна.

 

Энэ дашрамд, Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж байгаад харамсаж буйгаа илэрхийлж байна. 

 

“МИК ОССК” ХХК

2022.04.14

Shuud.mn
Сонин хачин