Манай улсын анхаарах шаардлагатай, шийдэх ёстой асуудлын жагсаалтын тэргүүнд шатахууны нийлүүлэлт, үнэ бичигддэг. Орос, Украины хооронд үүссэн зөрчил газрын тос, бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж, дэлхий даяар өсөлттэй байна. Хөрш зэргэлдээ хоёр улсын зөрчил манай улсын шатахууны нийлүүлэлт, үнэд хэрхэн нөлөөлж буй талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай ярилцлаа.
-ОХУ, Украины хооронд үүссэн асуудал Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортод яаж нөлөөлж байна вэ? Импортод хүндрэл тулгарч байна уу?
-Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100 хувь импортоор хангадаг. Импортын 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Хоёр улсын хооронд үүссэн асуудлаас үүдэн шатахууны нийлүүлэлтийн хэмжээнд асуудал үүсээгүй. Харин дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор импортын үнэнд өөрчлөлт гарч байна. ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны үнэ, дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ шууд хамааралтай. Үүнтэй холбоотойгоор хил үнэ багагүй хэмжээгээр нэмэгдэж байна. Орос, Украины асуудалтай холбоотойгоор газрын тосны үнэ өнгөрсөн гуравдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрч, нэмэгдсэн. Брэнд тосны үнэ 139 ам.доллар хүрсэн тохиолдол бий.
-Олон улсын ОХУ-д тавьсан хоригтой холбоотойгоор импортлогчдод шатахууны төлбөрийг шилжүүлэхэд бэрхшээл тулгарч буй талаар яригдаж байна. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Оросын банкуудад тавьсан хоригтой холбоотойгоор ОХУ руу шатахууны төлбөрийг шилжүүлэхэд зарим нэг саад бэрхшээл гарсан. Гэхдээ холбогдох байгууллагууд хамтран шийдээд, төлбөрөө шилжүүлж байгаа.
-Шатахууны хил үнэ хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ он гарснаас хойш газрын тосны үнэ байнгын өсөлттэй байна. Тосны үнэ хоёрдугаар сард тасралтгүй нэмэгдсэн учраас гуравдугаар сард манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ автобензиний төрөлд (АИ92, АИ80, АИ95, АИ98 ) тонн тутамд 109 ам.доллараар, дизель түлш 96 ам.доллараар өссөн. Дөрөвдүгээр сарын хил үнэ ч өсөлттэй, автобензиний төрөл тонн тутамдаа 168 ам.доллараар, дизель түлш 152 ам.доллараар нэмэгдэж ирж байна.
-Орос, Украины асуудал намжаагүй учраас тавдугаар сарын хил үнэ ч нэмэгдэх бололтой?
-Тэрийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Олон улсын шинжээчид газрын тосны үнэ яаж нэмэгдэж, өөрчлөгдөхийг таамаглаж чадахгүй байна. ОХУ-аас тавдугаар сард манайд нийлүүлэх шатахууны импортын хил үнийг дөрөвдүгээр сарын сүүлээр өгнө. Газрын тосны тухайн сарын дэлхийн зах зээлийн үнийг үндэслэн импортын хил үнээ тогтоодог учраас сарын төгсгөлд хил үнийг өгдөг.
-Манай улс хойд хөршөөс ямар хэмжээний бүтээгдэхүүн импортолдог вэ?
-Өнгөрсөн 2021 онд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Энэ оны эхний гурван сарын байдлаар 461 мянган тонн бүтээгдэхүүн импортлоод байна.
-Манай улс шатахууны дотоодын хэрэгцээний таван хувийг БНХАУ-аас импортолдог. Хойд хөршөөс хэт хараат байгаа учраас Хятадаас авах хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юу?
- Манай улс эх үүсвэрээ нэмэгдүүлэхийн тулд Хятадын талтай яриа хэлэлцээ хийдэг. БНХАУ өөрөө том хэрэглэгч улс. Газрын тос, шатахууны үнэ нь манайхаас өндөр. Мөн Хятадын төмөр зам ачаалалтай учраас Замын-Үүд боомтоор оруулж ирэхэд бэрхшээл тулгардаг. Гэхдээ Роснефть компанийн манайд нилүүлдэг үнэтэй өрсөлдөхүйц үнээр бүтээгдэхүүн авах талаар Хятадын талтай ярьж байгаа.
-ОХУ-аас шатахуун импортлогч орнууд дундаас Монгол Улс хамгийн өндөр төлбөрийг төлдөг тухай яриа бий. Энэ үнэн үү?
-Манай улсын импортлогч компаниуд Роснефть компанитай урт хугацааны гэрээ байгуулж, Сингапурын бирж дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнээр үнээ тооцдог. Зах зээлийн нөхцөл байдал, тоо хэмжээ тээвэр, үйлдвэрлэлийн байрлалаас зэргээс хамаарч, үнэ зах зээлийн үнэ өөр байх боломжтой.
Бид манай улсад борлуулагдаж байгаа шатахууны үнийг бусад оронтой харьцуулсан судалгааг тогтмол хийдэг. Манай улс үйлдвэрлэгч биш импортлогч хэрнээ шатахууны үнэ дэлхийн дундажаас доогуур байгаа судалгааны дүн бий. Дэлхийн улс орнуудын шатахууны үнийг эндээс харах боломжтой.
-Тэгэхээр импортлогчид алдагдал хүлээдэг гэсэн үг үү?
-Импортлогчид АИ92 шатахуун дээр алдагдал хүлээдэг. Бид хил үнэнд суурилсан өртгийн тооцоо гаргадаг. Хил үнэ, татварууд, тээвэр, үйл ажиллагааны зардлыг тооцохоор АИ92 шатахууны үнэ өртгөөсөө доогуур байгаа. Дөрөвдүгээр сарын хил үнээс тооцсон өртгийн тооцоо гэхэд АИ92 шатахууных 3194 төгрөг байна. Дизель түлшний дөрөвдүгээр сарын өртөг 3568 төгрөг гарсан. Одоогоор энэ үнээр захиалсан бүтээгдэхүүн орж ирээгүй учраас дотоодын үнэ хөдлөөгүй байна.
-Манайх АИ92 шатахууны үнийг чөлөөлсөн. Дэлхийн зах зээл дээр үнэ буусан үед бууж, өссөн үед өсөх зарчимтай. Орос, Украины нөхцөл байдлаас үүдэн үнэ өсөхөөс өөр сонголтгүй харагдаж байна?
-Газрын тосны үнийн хэлбэлзлээс шалтгаална. Тосны үнэ буурвал буурна, өсвөл зах зээлийн зарчмаа дагана. Гэхдээ төр засгаас зохицуулах гээд ажиллаж байна. Хууль санаачилж, байгаа боломжоо ашиглаад ард иргэдэд очих дарамт, үнийн өсөлтийг хязгаарлахаар ажиллаж байна. Гадаад хүчин зүйлээс шалтгаалсан бүхнийг саармагжуулах гээд оролдож байна.
-Хэдхэн монополь импортлогчтой байгаа нь бүтээгдэхүүний үнэнд нөлөөлдөг гэж үздэг?
-Шаардлага хангаж, тусгай зөвшөөрөл авах нь бүгдэд нээлттэй үйл ажиллагаа. Гэхдээ хууль, журмын дагуу агуулах, ШТС-тай байх, мэргэжилтэй хүний нөөцтэй байх зэрэг шаардлага тавигддаг учраас бусад бизнесээс онцлогтой, оролцогчид хязгаарлагдмал, хүссэн хүн бүр хийх боломжгүй юм. Импортын, бөөний болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөлтэй 130 гаруй аж ахуйн нэгж байна. Үнэ хямд үед ажиллаж, нэмэгдэхээр импорт, борлуулалта зогсоодог аж ахуйн нэгжүүд ч бий. Харин улс даяар сүлжээтэй, томоохон импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд улсын хангамжийн тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, хэрэглэгчийг шатахуунаар хангах үүрэг, хариуцлага хүлээдэг. Дэлхийн зах зээлийн үнэ, импортын эх үүсвэр, татвар, тээврийн зардал гээд зардлууд тодорхой, тогтсон хэмжээтэй. Тэгэхээр тухайн компани дотоод менежментээрээ өрсөлдөөн гаргаж болно. Үйл ажиллагааны зардал багатай бол бусдаас ялгаатай үнэ тогтоох боломжтой.
В.Бат