MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал Эдийн засгийн чуулганд оролцож байна. Тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогын талаар ийм байр сууриа илэрхийлж байна.
Ж.Оджаргал "Шинэ сэргэлтийн бодлогоор хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийг зөв эрэмбэлж, зөв оношилсон гэж харж байна. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийг хэрхэн томруулах мөрөөдлийг байнга өвөрлөж явдаг хүмүүс. Эдийн засгийг томруулж, хөгжлийг хурдасгахад нэн шаардлагатай төслүүд Шинэ сэргэлтийн бодлогод багтсан байна. Хувийн хэвшил ачааллыг үүрэлцэх ёстой. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн нөөц, боломжийг дайчилж, идэвхтэй оролцох ёстой.
Сорилт, бэрхшээл зөндөө гарах байх. Цар тахал, дайнын өвөрмөц нөхцөлд бүхнийг таах аргагүй байна. Зургаан зорилт дундаас эрчим хүчний шинэ сэргэлт нэлээн бэрхшээлтэй байх болов уу. Үнэ тарифийг хөндөхөөс өөр аргагүй. Шинэ төслүүдийг эхлүүлэхгүй бол эрчим хүчний дутагдалд орно. Энэ ажилд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орох уу, улс өөрөө хийх үү гэдэгт санаа зовууштай, өндөр сорилт болох байх.
Манай улсад нэг хэсэгтээ нүүрс хэрэгтэй. Урт хугацаанд сэргээгдэх, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх байх. Цаг агаарын өвөрмөц нөхцөлтэй манай улсад нэг хэсэгтээ нүүрс хэрэглэхээс өөр аргагүй. Гэтэл гадны банкууд нүүрсний станцыг санхүүжүүлэхгүй боллоо. Тиймээс үүнийг дотоодод хэрхэн шийдэхэд санаа зовууштай байна.
Хувийн хэвшилд ашигтай төслүүдийг хувийн хэвшлээр хийлгэж, хувийн хэвшил хийж чадахгүй төслүүдийг төр хийх үндсэн зарчмыг хуульчилж, албажуулвал зөв байх. Хувийн хийсэн төслийг төр авна гэдэг өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлаа засаж залруулж, давтаж болохгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар ашгийн байгууллага. Хөрөнгө оруулагч нар эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хайна. Инфляци өсөхөөр хөрөнгө оруулалтын үнэ цэн багасдаг учраас илүү үр өгөөжтэй төслүүдийг хөрөнгө оруулагчид хайна. Гэхдээ Монголд боломж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт сайтай байгаа боломжийг ашиглах ёстой" гэж хэллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |