Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоох тогтоол гаргаж, БНХАУ-ын ЭСЯ-нд хандсан Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнд хариуцлага тооцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мягмар гарагт мэдээллээ.
Хэзээ мөдгүй хязгаарлалт хийж, тэг зогсолт хийхдээ тулаад буй эрчим хүчний салбарт том үр нөлөө авчрах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэхээр Засгийн газар тууштай ажиллаж байна. Хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компани, нутгийн иргэдтэй яриа хэлэлцээ хийх, гэрээ байгуулах зэргээр бүтээн байгуулалтын өмнөх их ажил ундарч буй. Энэ хооронд сумын “хурган” дарга гадны улсын Элчин сайдын яам руу бичиг явуулж, хоёр улсын харилцаа, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажилд амаргүй нөхцөл байдал үүсгэжээ. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг явуулснаас энэ асуудал амаргүй нөхцөл байдалд орсон.
Сумын хурлын дарга нутаг дэвсгэрээ төлөөлөх эрхтэй. Гэхдээ шууд гадаад харилцаа хийх эрхгүй. Энэ асуудалд арга хэмжээ авна” гэсэн байр суурийг өнөөдөр илэрхийллээ.
Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн Ерөнхий сайд, Засгийн газар, бүхэл бүтэн улсын эрх ашгийн дээгүүр гишгэлж, хөрш орны Элчин сайдын яам руу хандсан нь бүтээн байгуулалтад гай болсон нь энэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт хангалттай удаан хугацаанд гацсан, бараг хагас зуун жил энэ ажил яриа хэвээр үргэлжилсээр байв. Харин одоо л гацаанаас гарч, Монгол Улсын баруун бүс эрчим хүчний бие даасан байдалд хүрэх нь үү гэтэл орон нутгийн “хурган” дарга эрх мэдлээ хэтрүүлэн гай дуудав.
Орон нутаг яагаад хөгждөггүй, иргэд яагаад хотыг чиглэн нүүдэллэсээр байгаагийн шалтгаан ердөө л энэ. Хөдөө орон нутгийн удирдлагууд иргэдээ талцуулан улстөржихөөс өөрийг хийдэггүй, ажлаа мэддэггүй, төрийн ажил хийх сэтгэлгүй байдаг. Төр, засгийн удирдлагын нүднээс хол, дураараа аашлагчид байдаг нь бодит үнэн. Тиймдээ ч түрээчээсээ Засгийн газрын дээгүүр гишгэж, улсын эрх ашиг, гадаад харилцааг хөндөж байна.
Уг нь орон нутгийн удирдлагууд УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн анхан шатны субьект. Гэтэл төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзаад зогсохгүй, гадаад харилцаанд хүртэл сэв суулган тэрсэлж байгааг яавч зүгээр өнгөрөөж болохгүй.
Монгол бол нэг улс. Баруун хязгаар салан тусгаарлаагүй, удирдлага, зохион байгуулалт, төсөв санхүү, гадаад бодлого бүгд нэг цонхоор хэрэгжих ёстой. Тиймдээ ч Ерөнхий сайд цаашид ийм үйлдэлтэй эвлэрэхгүй гэдгээ өнөөдөр хэлж, Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнд хариуцлага тооцохоо илэрхийллээ.
Б.Хэрлэн