Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг эрчим хүчний сэргэлт, хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд өрнөж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Түүний илтгэлээс эрчим хүчний салбарын том “зовлон”-уудыг түүвэрлэн хүргэж байна.
-Энэ цаг үед манай улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэл болон дэд бүтцийн хүчин чадлаас давж, чадлын дутагдалд ороод байна.
-2021 онд Монгол Улсын хэмжээнд 9.7 тэрбум кВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэлд түгээсэн нь 2020 оны гүйцэтгэлээс 11 хувиар нэмэгдсэн байна. Нийт түгээсэн эрчим хүчний 80.9 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.1 хувийг импортолж хангасан байна. 2021 онд улсын хэмжээнд импортоор авсан 1.9 тэрбум Квт цаг цахилгаан эрчим хүчний 27 орчим хувийг ОХУ, 73 хувийг БНХАУ-аас авсан бас импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 9 хувиар өссөн байна.
-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2019 онны 12 дугаар сарын 18-ны өдөр 1166 мвт хүрч байсан бол 2021 онд 1300 мвт хүрч, оргимл ачаалал 20 хувиар өссөн байна. Эрчим хүчний салбар 2021-2022 оны өвлийн их ачаалалд системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй аваарын горимд ажиллалаа. Мөн импортоор авсан эрчим хүч шугам, дэд станцын хүчин чадалд тулсан байгаа болно.
-Цаашид том чадлын шинэ эх үүсвэр барьж, ашиглалтад оруулах хүртэл 2022-2023, 2023-2024 оны өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй, эрчим хүчний хангамжийн хязгаарлалтаас өөр сонголтгүй хүндрэлтэй цаг хугацаа эхэлж байна.
-Улсын хэмжээнд дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дундажаар 6 орчим хувиар нэмэгдэж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрүүдийн дулаан үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/цаг бол дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчийн тооцоот ачаалал 2021-2022 оны өвлийн их ачаалалд 3166 Гкал/цаг болж нэмэгдсэн байна. Мөн техникийн нөхцөлөө авсан 473 Гкал/цаг хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод гадна агаарын температур -30 хэмээс дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, алслагдсан цэгүүдэд хөлдөлт үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд хүрээд байна.
-Эрчим хүчний салбарт цахилгаан, дулаан дамжуулах түгээх сүлжээний үндсэн тоног төхөөрөмжийн насжилт эх үүсвэрийн дутагдлаас дутахгүй эрсдэл үүсгэж байна. ДЦС-уудын насжилт дундажаар 35-60 жил бол дулаан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байна.
-Эрчим хүчний салбарын санхүүгийн байдал амаргүй байна. Өнөөдөр 1 квт/цаг цахилгаан эрчим хүчний өртөг 224 төгрөг байхад хэрэглэгчийн борлуулалтын дундаж тариф 175 төгрөг буюу нэгж бүтээгдэхүүний борлуулалт тутмаас салбар 49 төгрөгийн алдагдал хүлээж байна. Эрчим хүчний салбар 2018 онд 18.8 тэрбум, 2019 онд 58.4 тэрбумын алдагдалтай ажиллаж, 2020 онд 92 тэрбум төгрөг болж, алдагдлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна.
Цаашид хэрэглэгчийн цахилгаан, дулааны үнийг бодит түвшинд тогтоож, эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангахгүйгээр улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах боломжгүй.
Б.Хэрлэн
Уншиж байна |