Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Өнөөдрийн хэлэлцүүлэг Эрчим хүчний сэргэлт, хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд өрнөж байна.
Хэлэлцүүлгийг нээж, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын чухал хэсэг нь эрчим хүчний сэргэлт гарцаагүй мөн. Бид эрчим хүчний найдвартай, бие даасан хангамжгүйгээр улс орны эдийн засгийг хөгжүүлэх, улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангах боломжгүй юм.
Монгол Улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүсэн хөгжсөний 100 жилийн түүхэнд бүх хот суруин газрууд төвлөрсөн эрчим хүчинд холбогдож, малчид сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрээр хангагдсан, дэлхийн бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад чамлахгүй амжилтыг олсон. Гэвч энэ цаг үед манай улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэл болон дэд бүтцийн хүчин чадлаас давж, чадлын дутагдалд орсон. Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгарах эрсдэл хүндрэлийг хэрхэн шийдэх талаар энэ хэлэлцүүлгээр оновчтой шийдэл гаргаж, бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
... Хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь эрчим хүчний хангамжийн хүрэлцээгүй байдал, дэд бүтцийн жигд бус хөгжил, хязгаарлагдмал байдал юм. Эрчим хүчний салбар улс орны эдийн засгийн суурь бүтэц болдог. Үндэсний аюулгүй болон бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдолтой, хөгжлийн хөтөч салбар гэдгийг онцлон үзэж, түүчээлэн хөгжүүлэх зорилгыг тавьж байна.
Улсын хэмжээнд тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бүс нутгуудад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, шинэ суурьлын бүсүүдийг байгуулахад эрчим хүчний салбар онцгой үүрэгтэй. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болтлоо санхүү болон техник технологийн хүндрэлтэй нөхцөлд орчин эрчим хүчний салбар өнөөдрийг хүртэл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн.
...Өнөөдрийн байдлаар баруун, төв, өмнөд, Дорнод, Алтай Улиастай гэсэн таван эрчим хүчний системд нийт 330 гаруй сум суурин газрыг төвлөрсөн эрчим хүчээр хангаж, ард иргэдийн ая тухтай амьдрал ,уу уурхай, үйлдвэрлэлийн салбар хөгжих нөхцөлийг өөрийн нөөц боломжийн хэмжээнд бүрдүүлсээр ирсэн.
2021 онд Монгол Улсын хэмжээнд 9.7 тэрбум кВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэлд түгээсэн нь 2020 оны гүйцэтгэлээс 11 хувиар нэмэгдсэн байна. Нийт түгээсэн эрчим хүчний 80.9 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.1 хувийг импортолж хангасан байна. 2021 онд улсын хэмжээнд импортоор авсан 1.9 тэрбум Квт цаг цахилгаан эрчим хүчний 27 орчим хувийг ОХУ, 73 хувийг БНХАУ-аас авсан бас импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 9 хувиар өссөн байна.
...Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2019 онны 12 дугаар сарын 18-ны өдөр 1166 мвт хүрч байсан бол 2021 онд 1300 мвт хүрч, оргимл ачаалал 20 хувиар өссөн байна. Эрчим хүчний салбар 2021-2022 оны өвлийн их ачаалалд системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй аваарын горимд ажиллалаа. Мөн импортоор авсан эрчим хүч шугам, дэд станцын хүчин чадалд тулсан байгаа болно.
Цаашид том чадлын шинэ эх үүсвэр барьж, ашиглалтад оруулах хүртэл 2022-2023, 2023-2024 оны өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй, эрчим хүчний хангамжийн хязгаарлалтаас өөр сонголтгүй хүндрэлтэй цаг хугацаа эхэлж байна.
Улсын хэмжээнд дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дундажаар 6 орчим хувиар нэмэгдэж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрүүдийн дулаан үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/цаг бол дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчийн тооцоот ачаалал 2021-2022 оны өвлийн их ачаалалд 3166 Гкал/цаг болж нэмэгдсэн байна. Мөн техникийн нөхцөлөө авсан 473 Гкал/цаг хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод гадна агаарын температур -30 хэмээс дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, алслагдсан цэгүүдэд хөлдөлт үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд хүрээд байна. Улаанбаатар хотод дулааны шинэ эх үүсвэр нэн шаардлагатай байна" гэдгийг онцолж байна.
Уншиж байна |