Дэлхийн банк цар тахлын үеийн Монголын аялал жуулчлалын нөхцөл байдлыг судалжээ. Судалгаагаар манай улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том бэрхшээл нь агаарын тээврийн уялдаа холбоо, зохицуулалт болж байгааг тогтоожээ.
Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд Менежер Андрей Михнев “КОВИД-19 цар тахал Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөөлсөн. Тус салбар цаашид хөгжих нөөц бололцоо их байгаа бөгөөд байгалийн олон төрлийн тогтоц, нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл, түүхийн үнэт өвтэй холбоотой амралт зугаалгын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, жуулчдыг татах онцлог бүтээгдэхүүн ихтэй. Энэхүү шинэ судалгаа нь илүү хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход Засгийн газарт туслах зорилготой юм" гэв.
Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулж, 2019 онд ДНБ-ий 7.2%, нийт экспортын 6.8%, нийт хөдөлмөр эрхлэлтийн 7.6%-ийг бүрдүүлж байв. Монголын аялал жуулчлалын салбар 2020 онд цар тахлын улмаас уналтанд орохоосоо өмнө 2019 онд хамгийн сайн гүйцэтгэлтэй байжээ.
Цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 1 600 орчим аж ахуйн нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд ороод байна.
Евро-Азийн ижил төстэй орнуудтай харьцуулахад Монгол Улс сүүлийн арван жилд аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр сууриа алдсаар байна. Монголд бизнесийн аялал буурч,амралт зугаалгын аялал жуулчлал өргөжин тэлсэн. Гэхдээ амралт зугаалгаар ирсэн жуулчид бусад ижил төстэй аялал жуулчлалын зах зээлд зарцуулдгаас бага хугацааг Монголд өнгөрөөсөн байна.
Уншиж байна |