Засгийн газраас тариаланчид болон малчдад зориулан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөдөө аж ахуйн зээлийг гаргалаа. Үүний 100 тэрбумыг газар тариалангийн эргэлтэд, 50 тэрбумыг хүнсний ногоочдод олгоно. Мөн ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум, ноолуурын үйлдвэрүүдэд 150 тэрбумыг олгох аж.
Мөн Засгийн газраас “Эх орны -эрүүл хүнс” уриатайгаар Атрын IV аяныг өрнүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тогтоолыг баталсан байна. Хүнсний ногоо тариалагчдад стандартын шаардлага хангасан ил талбайн тарималын 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Хүлэмжийн аж ахуйн нэгжүүдэд 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01 хүртэл оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл эрчим хүчний тарифийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Тэгвэл энэ хугацааг 10 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 01 болгон сунгаж, хөнгөлөлтийн цагийг оройн 18.00 цагаас өглөөний 06.00 цаг болгожээ.
Мөн 2022 оны хаврын тариалалтад зориулж, ХАА-г дэмжих сангаас 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргана. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Хаврын тариалалт 6.5 тэрбум төгрөгийн шатахууны хөнгөлөлт өгнө. Тариаланчдад бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.
Өнгөрсөн жил 567 мянган тонн үр тариа хурааж авсан. Үүний борлогдоогүй үлдсэн 50.4 мянган тонн үр тариа талбайд байгаа. Хүнсний бүтээгдэхүүний хомстолоос сэргийлэх үүднээс борлогдоогүй үр тариаг Засгийн газар худалдан авч, улсын нөөц бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасаныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Уншиж байна |