Капитал банк татан буугдаж, өр төлбөрийг хэрхэн барагдуулсан талаар өнөөдөр банкны эрх хүлээн авагчид мэдээлэл хийлээ.
Даатгагдсан хадгаламжийн зохицуулалтын дагуу 352 135 харилцагчид 44.5 тэрбум төгрөгийг олгосон. Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчийн хохирлыг Капитал банкны хөрөнгийг барьцаалж, 50 тэрбум төгрөгийн зээл авч, барагдуулсан. Нийтдээ 353 134 харилцагчийн 238.8 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Иргэн, хуулийн этгээдийн хохирлын 99.9 хувийг бүрэн барагдуулсан. Одоо өндөр дүнтэй ЭМДС, НДС болон гурван иргэний хохирол үлдээд байна.
ЭМДС, НДС 240.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Өнөөдрийн байдлаар ЭМДС мөнгөөөр 8.3 тэрбум төгрөг, хөрөнгөөр 36.5 тэрбум төгрөг нийтдээ 44.7 тэрбум төгрөг шилжүүлээд байна. НДС-гийн 104.2 тэрбум төгрөгөөс 8.3 тэрбум төгрөгийг мөнгөөр, 25 тэрбум төгрөгийн хөрөнгөөр, нийтдээ 33.3 тэрбум төгрөгийг барагдуулсан. Ингэснээр ЭМДС, НДС-нд нийтдээ 78 тэрбум төгрөг шилжүүлээд байна.
Засгийн газраас Капитал банкны хөрөнгийг ЭМДС, НДС руу шилжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу эхний ээлжинд 22.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хоёр сан руу шилжүүлэхээр гэрээ хийгдэж буй. Ингэснээр нийтдээ 100 тэрбум төгрөгийн хохирол барагдах юм байна. Үүний дараа ЭМДС-ийн 79.6 тэрбум, НДС-ийн 60.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл үлдэнэ. Цаашид үлдэгдлийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулна гэдгийг банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү хэллээ.
Эрх хүлээн авагч томилогдон очиход Капитал банк 203.1 тэрбум төгрөгийн бүртгэлийн дүнтэй хөрөнгөтэй байсан аж. Тус хөрөнгөд хоёр удаа хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах ёстой. 2021 онд эхэлсэн дуудлага худалдаагаар 50 хөрөнгийг 15.6 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна. Мөн өр төлбөрт 116 ширхэг 68.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 9 автомашиныг төрд шилжүүлсэн гэдгийг эрх хүлээн авагч мэдээллээ.
Уншиж байна |