НАМЭХ, Фридрих Эвертийн сантай хамтран Монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарт судалгаа хийжээ. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмэгтэйчүүдийг хамруулсан тус судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгаагаар Монгол Улсын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн үүрэг маш өндөр байгаа ч шийдвэр гаргах түвшний оролцоо маш бага байна гэдгийг тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хэлж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Төрийн захиргаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 208 000 хүний 62 хувь эмэгтэйчүүд байна. Хөшигний ардах бүх нарийн ажлыг эмэгтэйчүүд хийж байгаа атлаа хөшиг нээгээд шийдвэр гаргах, төсөв мөнгө хуваарилахад жендерийн баланс алдагддаг. Ковидын үед УОК-ын 17 хүний бүрэлдэхүүнд ганцхан эмэгтэй байна. Тэр нь бичиг цаасны ажил хийдэг. Хүний эрх зөрчсөн шийдвэрүүд гарч байсан. Жендерийн тэгш байдлыг хангах нь ямар чухал нь эндээс харагдана. Нийгэмд эмэгтэйчүүд амбицалж, эрчүүдтэй өрсөлдөөд байгаа мэт харагдуулдаг нь буруу” гэдгийг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтраад шийдвэр гаргавал хамгийн зөв байдаг. Эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн шийдвэр түлхүү гаргадаг. Судалгаанаас харахад эмэгтэйчүүд өөрсдийгөө цахим технологи ашиглахдаа маш муу гэж үнэлсэн байна. Тиймээс охидод байгалийн шинжлэх ухаан, технологи хэрэггүй гэсэн уламжлалт сэтгэлгээг халах хэрэгтэй байна” гэсэн дүгнэлтийг хэлж байна.
Өрхийн орлогын 43.4 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Арван эмэгтэй тутмын 1 нь давхар ажил эрхэлж, амьдралаа авч явдаг. Мөн эмэгтэйчүүдийн 18 хувь нь санхүүгийн шийдвэрээ бие даан гаргадаг бол 33 хувь нь бусдаас хамааралтай байна. Эмэгтэйчүүдийн 32 хувь нь тодорхой хэмжээний хуримтлалтай бол 67 хувь нь хуримтлалгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Уншиж байна |