Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Тогтолцоогоо өөрчлөхгүй бол ирээдүйд бид тэтгэвэр авахгүй
2022-02-01

Монголын одоогийн тэтгэврийн тогтолцоо хуваарилалтын буюу эв нэгдлийн шинжтэй. Өнөөдөр сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авах гээд баярлаж суугаа ахмадууд залуу зандан насандаа улсад 20, 30, цаашлаад 40 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Тэр мөнгөө л эргүүлж авч байгаа хэрэг. Гэвч улсаас тэтгэмж авч байгаа юм шиг л хэзээ 5, 10 төгрөг нэмэх бол гэж хүлээж суудаг. Хаа нэг 50, 100 мянган төгрөг нэмэхээр баярладаг л болж. Тэдний залуу цагтаа төлсөн мөнгө нь аль хэдийнэ төсвийн нэг хэсэг болоод дууссан. Одоо нийгмийн даатгал төлж буй залуусын мөнгийг л ахмадуудад тэтгэвэр болгож өгч байгаа. Үүнийгээ эв нэгдлийн гэсэн гоё нэрээр халхлаад 30-аад жил өнгөрч. Энэ мэтээр дурьдвал хатуу үнэн их.

 

 

Тэтгэврийн тогтолцоотой холбоотой, шинэчлэх цаг нь нэгэнт болсон талаар хамгийн тууштай дуугарч, хууль санаачилж, идэвхтэй ажиллаж байгаа цөөн хүний нэг нь УИХ-ын гишүүн Н.Учрал. Анх УИХ-д сонгогдсоноосоо хойш л энэ чиглэлээр дуугарч, шинэчлэл хийх цаг болсныг сануулж, өөрөө ч оройлон ажилласаар байна. Өчигдөр УИХ-ын ээлжит чуулганаар ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг нэмэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Эзэнтэйгээ хамт үхдэг нэрийн дансаа мөнгөжүүлэх ажил хийхгүй бол бид жил болгон тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэх вэ гэдэг л юм яриад сууж байна. Яг ижилхэн насаараа ажиллаж, нийгмийн даатгал төлсөн хүмүүс эрс тэс тэтгэвэр тогтоолгодог шударга бус байдлыг халж, зөрүүг нь арилгах, багасгах зайлшгүй шаардлагатай” хэмээн хэлсэн. Мөн Ерөнхий сайдад нийгмийн даатгалын сангийн менежментийн талаар асуулга тавьж, энэ ажлаа үргэлжлүүлж хийнэ гэдгээ ч хэлсэн.

 

Яг цаг үеэ олж, мэдэрч, зөв дуугарч чадаж байна, Н.Учрал гишүүн ээ. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж байгаа энэ үед хүмүүсийн хамгийн их бухимдаж буй сэдэв нь зөрүү. 22 настайдаа багш болсон эмэгтэй 55 хүртлээ 33 жил тасралтгүй ажиллаж, нийгмийн даатгал төлсөн. Одоо 420 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл 20 жилээ дөнгөж л гүйцээсэн өөр нэг хүн 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Одоо тэтгэвэр нь нэмэгдээд 500 мянган төгрөг болно. Уг нь ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн хугацаагаараа арай өөр байх нь шударга ёс. Гэвч одоогийн нөхцөл байдал ийм учир яах аргагүй гэж албаны хүмүүс тайлбарлаад л өнгөрч байна. Нэгэнт одоогийн тогтолцоо нь иймээс хойш яалтайв. Тэгвэл ирээдүйд шударга бус ялгаа, зөрүү гаргахгүй байхын төлөө зөв шинэчлэл хэрэгтэй.

 

Шинэчлэл хийх гэж оролдож байгаа. Саяхныг болтол тэтгэвэр тогтоолгох иргэн 5 жил дараалан төлсөн хамгийн өндөр төлөлтөөсөө өөрөө сонгож байв. Тэгвэл 2018 онд УИХ-аас тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор болгож өөрчилсөн. Энэ төгс шинэчлэл биш. Хамгийн өндөр орлоготой байж болох 7 жилдээ их шимтгэл төлчихөөд, бусад үед нь цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалаа өгч болно. Хэдийгээр татварын байгууллагынхан нийгмийн даатгалын шимтгэл, татвараа шударгаар төлөхийг шаардаж байгаа ч бодит байдал дээр 100 хувийн үр дүн гаргаж чадахгүй хэвээрээ л байна.  Яг энэ тохиолдолд төрийн байгууллагад насаараа ажиллаад, авч буй цалингаасаа үнэнчээр нийгмийн даатгал төлсөн хүн хууль, журмын цоорхой ашигласан нөхдүүдээс бага тэтгэвэр авч таарна. Н.Учрал гишүүний хэлээд байгаагаар бүр 2 дахин их, багын зөрүү гарна. Тиймээс энэ хууль, журмыг өөрчилж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Наанадаж шүү. Цаашлаад тэтгэврийн сангаа мөнгөжүүлж, иргэн бүр өөрийнхөө дансыг харах, янз бүрээр өсгөж болох системийг нэвтрүүлэх цаг болсон.

 

Зөвхөн тэтгэврийн зөрүүнээс болж иргэн бүр нэрийн данстай болох асуудлыг хөндөөд байгаа ч юм биш.  Цаашид ажиллах хүч багасаж, тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэнэ гэдгийг судалгааны дүн харуулж байгаа. Одоо 350 гаруй мянган өндөр настан тэтгэвэр авч байгаа бол 2025 он гэхэд энэ тоо 400 мянгыг давна. Харин 2030 он гэхэд 500, 2045 онд 810 мянгад хүрнэ гэсэн тооцоо байна. 2020 оны байдлаар 10 шимтгэл төлөгчид 5 тэтгэвэр авагч ногдож байсан бол 2030 онд энэ тоо 7, 2040 онд 8, 2080 гэхэд 10 болж нэмэгдэрх тооцоолол гарчээ. Түүнээс гадна, хүн амын дундаж наслалт нэмэгдсээр байгаа.  2020 оны байдлаар хүн амын дундаж наслалт 76.2 байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад, 4.1 нэгжээр нэмэгдсэн аж. 

 

Дахиад нэг үзүүлэлт бий. Тэр нь тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолгосноос хойш амьдрах хугацаа нэмэгдэж буй явдал. 2019 оны байдлаар 55 насандаа тэтгэвэрт гарсан иргэн дунджаар 26 жил тэтгэвэр авах аж. Тэгвэл 2040 онд 28.7 жил болж нэмэгдэх тооцоолол гарч. Цааш нь дурьдаад байвал энэ мэт тэтгэвэр авагсдын тоотой холбоотой олон өсөлт гарахаар байгаа. Тиймээс одоо ашиглаж буй хуваарилалтын  тогтолцоо 10 гаруй жилийн дараа гэхэд л мухардалд орно. Улсын төсвөөс өгөх боломж байхгүй, ачааллаа дийлэх ч үгүй.   Тиймээс одооноос л тэтгэврийн сангаа мөнгөжүүлж явах ёстой юм. Энэ талаар ч УИХ-ын гишүүн Н.Учрал хангалттай их ярьж, сануулж байгаа.

 

Дахиад нэг чухал асуудлыг нэн даруй шийдэх ёстой. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд, тэтгэвэрт гарахын өмнөхөн тэнгэрт дэвшигчид цөөнгүй бий. Тэдний төлсөн шимтгэл ар гэр, үр хүүхдэд нь өвлөгддөггүй. Эв хамтын тогтолцоо учраас бусад хүний сайн сайхны төлөө зарцуулагдаж байгаа гэсэн тайлбар сонсоод л дуусдаг. Тогтолцоо нь тийм нь үнэн. Гэхдээ хэтэрхий шударга биш байгаа биз дээ. Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатайн нэг жишээ энэ. Одоо төлж байгаа шимтгэлээс 2 хувийг нь иргэдийн нэр дээр хуримтлал хэлбэрээр байршиж, шаардлагатай тохиолдолд  тэр нь үр хүүхдүүдэд нь өвлөгдөн үлддэг байх тогтолцоог бий болгож болох талаар мөн л Н.Учрал гишүүн ярьж, санаачилж, дуу хоолойгоо тасралтгүй хүргэж яваа.  Иргэдийн хүсээд байгаа шударга тогтолцооны нэг энэ. 

 

УИХ-аас 2015 онд баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын талаарх багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байгаа. Гол гол тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой бүхий л хуулиудад шинэчилсэн найруулга хийж, нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Мөн  Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг ч Н.Учрал тэргүүтэй гишүүд санаачилж,  өргөн барьсан.  Яг л энэ хүсээд байгаа өөрчлөлтүүдийг хийж, ирээдүйд тэтгэвэр авах хүмүүсийг ямар нэг шударга бус зөрүүгүй, санаа зоволтгүй тэтгэврээ авдаг. Тодорхой хувь нь хуримтлал болдог, өсдөг, өвлөгддөг байх шийдлүүдийг хийж, хэрэгжүүлэх байх. Харин “тэтгэврийн хувьсгал”-аа хурдан л эхлүүлэх хэрэгтэй байна даа. Энэ талаар судалгаатай, шинжилгээтэй ярьж байгаа мэдлэгтэй, чадвартай гишүүдийнхээ үгийг ч сайн сонсох хэрэгтэй.  Бид ирээдүйд тэтгэврийн доод хэмжээ, тэр илүү олон жил төлсөн, энэ бага төлсөн, ижил тэтгэвэр авах нь гэсэн хэрүүл хийж суухыг хүсэхгүй. Хэн ирээдүйдээ зориулж их хөрөнгө оруулж чадсан нь насны бөгсөнд санаа амар амьдарч болдог, тэнгэрт дэвшихэд нэрийн дансанд нь мөнгө үлдвэл үр, ачдаа өвлүүлж үлдээдэг байхыг хүсэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин