Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын түр хороо, хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээний үр дүнгээр 26 сар хүлээгдээд байсан Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат эхэллээ. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээ хийх командыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгснөөр гүний уурхайн үйлдвэрлэлийн ажил эхэлж байна.
Оюутолгойн гүний уурхай 2023 оны эхний хагас жилээс тогтвортой ажиллаж эхэлнэ. Үйл ажиллагаа тогтворжих хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцах юм.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмблэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдох юм. Оюутолгой ХХК 5 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоог хийжээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.
Оюутолгой ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайд бий. Оюутолгой ХХК нь гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.