Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хотын дарга Д.Сумъяабазар “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын эх үүсвэрийн хүү, торгуулийн хамт хуваарийн дагуу бүрэн төлбөр хийж дуусгажээ. Хэлсэн ярьсандаа байж чадсан Nibank-ний удирдлагууд банкирууддаа талархал илэрхийлье ээ “ хэмээн жиргэж байв.
Тэгвэл уг өр төлбөрийн эх үүсвэр өнөөдөр тодорхой болов бололтой. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны удирдлагуудаас Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрөөс мөнгө авч, төрийн өрийг төлсөн нэр зүүсэн нь үнэн үү гэдгийг тодрууллаа. Тэрбээр “Монголбанк Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хаалгасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Монголбанк яагаад төлбөрийн чадвар нь асуудалтай байгаа банкинд 14 тэрбум төгрөгийн зээл олгосон бэ. Төрөөс мөнгө авч, төрийн мөнгийг өгч нүд хуурах хэрэг байна уу” гэдгийг тодрууллаа.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны мөнгөн урсгалд сүүлийн гурван сард тодорхой өөрчлөлт орсон. 15 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн, үүгээрээ нийгмийн даатгалын сан, холбогдох тусгай сангуудын мөнгийг төлж байгаа гэж ойлгосон.
Төв банк 14 тэрбум төгрөг өгсөн, оны өмнө шийдвэр гарсан. Коронавирусийн үед банкны төлбөрийн чадвар алдагдвал Төв банк тусламж хэлбэрээр зээл олгох түр журмыг батлаад хоёр жил болж байна. Энэ хүрээнд банкуудад нэг биш удаа дэмжлэг үзүүлсэн” гэсэн хариултыг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |