Монгол хэмээх нэр, монгол хүний бусдаас ялгарах өнгө, илэрхийллийн нэг том нотолгоо нь тал нутаг шигээ уудам сэтгэл, дотоод ертөнцийн гоо сайханд оршдог билээ. Уртын дууны уянга яруу шуранхайнд, ухаант эцэг өвгөдийн билиг сургаальд, өв соёл, өсөж төрсөн ахуйд нэвт шингэсэн, монгол хүн бүрийн дотор оршдог тэрхүү гайхалтай хүч уран бүтээлчийн бийрийн үзүүрт хэрхэн “амилсныг” ХААН галерейд нээгдээд удаагүй “Монгол сэтгэл” үзэсгэлэнгээс тольдоорой.
Монголын орчин үеийн авьяаслаг уран бүтээлчид, академич зураач, урчуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Дүрслэх урлагийн академичдийн холбооны гишүүн зураачид болох Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт зураач До.Болд, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Эрдэнэцог, урлаг судлаач, доктор, профессор Ч.Болдбаатар, урлаг судлаач, доктор, профессор С.Батчулуун, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор С.Бадрал болон академич зураач Ш.Төмөрбаатар, Ө.Дарамбазар, Б.Төмөрбаатар, Р.Ариунболд, А.Чадраабал, С.Батцоож, Ц.Солонго нарын 13 уран бүтээлч энэхүү үзэсгэлэнд бүтээлээ дэлгээд байна.
Реалист, контемпорари, авангард, абстракт, модерн чиглэлээр уран бүтээл туурвидаг эдгээр зураач урчуудын дотоод ертөнцтэй танилцаарай. Тус үзэсгэлэн энэ сарыг дуустал ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд гарах тул та бүхнийг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна. ХААН галерей ажлын өдрүүдэд 10:00–18:00, амралтын өдрүүдэд 11:00–16:00 цагт нээлттэй ажиллана.
Уншиж байна |