Эрээн-Замын-Үүд чиглэлийн авто замын ачаа тээвэр эхэлсэн ч өчигдөр дахин зогслоо. Ямар шалтгаанаар ачаа тээвэр зогссоныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингөөс тодрууллаа.
Тэрбээр “Би 12 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүдэд ажиллаж, бэлтгэл ажлыг шалгасан. Бэлтгэл хангагдсан байсан учраас Эрээний талд мэдэгдэж, 10-ны өдрийн өглөөнөөс тээврийн хэрэгслийг дундын цэгт байршуулсан. Мөн Монголын талаас дундын цэгт очсон 50 гаруй машиныг гаргаж, хил нэвтрүүлсэн. Энэ бол хил нээгдсэний нотолгоо. 50, 60 хоног хаалттай байсан хил нээгдэж, үйл ажиллагаа эхэлсэн.
Эрээний талд хүндрэл гарсан. Хил хаагдахаас өмнө Эрээнд очоод гацсан байсан 192 машин бий. Ассан машинуудыг эхнээс нь гаргасан. Бүтэн хоёр сар хөдөлгөөнгүй байсан зарим машин асахгүй байсан. Мөн гаалийн бүрдүүлэлт хийхэд ачаатай машины жин зөрсөн цөөнгүй тохиолдол гарсан. Бүрдүүлэлт зөрсөн учраас эхний ээлжинд гарах боломжгүй.
Ингээд гурван өдөр тээвэр явуулж, Эрээний тал үнэлгээ хийхээр болсон. Тэг цэгт Монгол жолооч нар орсон учраас халдвартай бүс гэж үзээд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн халдварын эрсдэлийг бууруулах үнэлгээ хийгдэж, дүгнэлт нь гарч байна. Эрээн талд нөхцөл байдлыг сайжруулах ажил хийгдэж байгаа гэсэн үг.
Түүнээс олон нийтийн ойлгосон шиг Эрээн буцаад хаагдсан асуудал байхгүй. Бараа эргэлтийг нэмэгдүүлэх үе шаттай ажлын нэг хэсэг явагдаж байна.
Надад Эрээний хил нээгдсэн байх нь чухал. Мөн надад бараа бүтээгдэхүүний эргэлт урт хугацаанд, жигд явах нь илүү чухал байна" гэсэн мэдээллийг өгч байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |