Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдалд том үүрэг нөлөөтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын ажил явах эсэх асуудал ид яригдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлахаа мэдэгдээд буй.
Харин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдыг давсан шийдвэрийг гаргаад байна. Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-аас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг зогсоох тухай тогтоол гаргасан талаар бид мэдээлсэн. Тус тогтоолд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Ховд голд нөлөөлөхөөс гадна сумын иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах учраас бариулахгүй гэдгээ мэдэгдэж, тогтоол баталжээ. Тэгээд зогсохгүй энэ асуудлаар олон улсын байгууллага, БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандахаа тус сумын ИТХ-ын тогтоолд хавсаргажээ.
Тэгвэл Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын энэ шийдвэр хууль эрхзүйн чадамжтай юу гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тодрууллаа. Энэ асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Сум, багийн иргэдийн нийтийн хурал байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэх, улс орны томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх эсэх талаар бие даан шийдвэр гаргах боломжгүй” гэсэн тайлбарыг хэлж байна.
Өөрөөр хэлбэл нэг сумын ИТХ, түүний хурган дарга улс орны эрх ашиг дээр гишгэж, хөгжлийн мега төслийг зогсоох эрхгүй гэсэн үг.
Орон нутгийн удирдлага, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал төрийн шийдвэрийн эсрэг тэрслэх биш УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй анхан шатны байгууллага. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байж, энэ улсын хөгжилд чөдөр саад биш нэмэр тус болох ёстой биш үү!
Б.Хэрлэн