БНХАУ-ын хойд бүс нутагт коронавирусийн халдвар идэвхжсэнтэй холбогдуулан боомтуудын хяналт чангарч, манай улсын экспорт, импорт үндсэндээ зогсолтын байдалтай байна. Урд хөршийн зүгээс манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийг чингэлэгтэй тээврээр авах шаардлага тавиад буй. Мөн импортын бүтээгдэхүүнийг ч чингэлэгт тээврээр солилцохоор болоод буй юм. Тэгвэл яг өнөөдрийн нөхцөл байдал ямар байгааг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
-Эрээн боомтоор экспорт зогсоод байна. Яг өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Урд хөршөөс халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Ганц мод, Эрээний боомтод түр зохицуулалт хийж, төмөр замаа хаах болсноо бидэнд мэдэгдсэн. Энэ арга хэмжээ түр байгаасай, битгий их удаасай. Урдах нөхцөл байдал хурдан хэвийн байдалдаа ороосой гэж хүлээж байна.
Бээжин, Хөх хот, Эрээн дэх Монголын консул, ГХЯ, ЗТХЯ, Сангийн яам, Боомтын зөвлөлөөс бүхий л хүчээрээ ажиллаж байна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй олон хүчин зүйл байна. Манай зүгээс урд хөршөөс тавьсан бүх шаардлагыг биелүүлж байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, зөвхөн чингэлэг тээврээр бараа солилцох шаардлагыг хангаж, туршилтын тээврээр эхэлсэн. Хэзээ албан ёсоор эхлэх командыг хүлээгээд байж байна.
-Гашуунсухайтад нөхцөл байдал ямар байгаа бол?
-Гашуунсухайтад байдал арай дээр байгаа. Тээвэр бүр зогсоогүй. Өнгөрсөн даваа гаригаас 700 машинаар нүүрс гаргахаар тохиролцсон байсан. Харамсалтай нь шинэ нөхцөл байдал үүсч, 350 болон буурсан. Маргаашнаас 200 болгоё гэж байна. Гэхдээ дан чингэлэг тээвэр гэсэн шаардлага тавьсан. Цаашид нүүрс тээвэр бүрэн чингэлэгт шилжих нь. Тиймээс тээврийн компани, тээвэрчид зохицуулалт хийж, төлөвлөх шаардлагатай болж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |