Сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр түгээгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбатаас тодрууллаа.
- Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдоход хуулиар Төв банк зөвшөөрөл олгодог. ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдсон уу, Монголбанк зөвшөөрөл олгосон уу?
- ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй. ХААН банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Савада холдингс” компанийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байгаа.
ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компани нь Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-ид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд дэлхийн хэд хэдэн улсад банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг конгломерат компани юм.
Япон улсын Санхүүгийн хэрэгсэл ба үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг худалдан авахад худалдан авч буй тал нь “Тендер санал” гаргаж, хувьцаа худалдан авах саналаа нийтэд зарладаг. Энэ жишгээр “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани “Савада холдингс” компанийн нийт хувьцааны 50.1 хувийг худалдан авах тухай тендер саналыг Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-ид 2020 оны 02 дугаар сард анх гаргасан байдаг.
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой. Хуулийн дагуу “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани холбогдох баримт бичгийг бүрдүүлж, ХААН банкаар дамжуулан Монголбанкнаас тухайн үед зөвшөөрөл хүссэн.
Монголбанк энэ асуудалд маш нухацтай хандаж ирсэн. Худалдан авагч талын эцсийн өмчлөгч, мөнгөн хөрөнгийн гарал үүслийг тогтоох зорилгоор “Упсилон” ХХН-өөс ирүүлсэн баримт бичгийг хууль, журамд заасны дагуу тогтмол хянаж ирсэн, цаг хугацаа ч их зарцуулсан. Энэ ажлын хүрээнд худалдан авагч талтай холбоотой нэмж тодруулах шаардлага дахин дахин гарч байсан тул “Упсилон” ХХН-тай холбоотой 10 гаруй албан бичиг хүргүүлж, нэмэлт баримт материал гаргуулан авсан байдаг. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа Монголбанкны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичиг нь дээрх албан бичгүүдийн л нэг. Уг албан бичгээр “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авахыг зөвшөөрсөн эцсийн шийдвэр биш зөвхөн тус компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн худалдан авагч талын бүрдүүлсэн баримт бичиг шаардлага хангаж байна, хүлээж авахад татгалзах зүйлгүй, мөн үргэлжлүүлэн хяналт тавинаа л гэсэн агуулгатай.
- Монголбанкнаас ХААН банканд илгээсэн 2 албан бичиг олон нийтэд ил болсон. Эдгээр нь ямар учиртай бичиг байв, Төв банк шийдвэрээсээ эргэж буцаж, ямар нэгэн хууль зөрчсөн үү?
- Монголбанкнаас ХААН банканд хүргүүлсэн нууцын зэрэглэлтэй албан бичгүүд сошиалаар олон нийтэд хүрснийг харсан. “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компанийн баримт бичгийг шалгаж дууссаны дараа дахин шалгах шаардлагатай шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ тухай худалдан авагч талд ХААН банкаар дамжуулан мэдэгдсэн албан бичиг юм. Монголбанканд гадаад, дотоодын эх үүсвэрээс “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн тал ХХБ-ны эцсийн өмчлөгчтэй холбоотой гэх мэт мэдээлэл ирсэн юм. Монголбанк шинээр үүссэн нөхцөл байдлыг шалгаж, эцэслэх ёстой. Шинээр үүссэн нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудаас тодруулж шалгахад Монголбанканд ирүүлсэн мэдээлэл баримтаар нотлогдоогүй.
Хэрэв энэ мэдээлэл батлагдаж Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан заалт зөрчигдсөн байсан бол хууль, тогтоомжийн дагуу “Савада холдингс” компанийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх Монголбанканд хуулиар олгогдсон байдаг.
- Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд хадгалагдаж буй төрийн мөнгөөр ХААН банкны хувьцааг худалдан авах гэж байна гэдэг хардлага олон нийтийн цахим сүлжээнд байна. Үүнд тайлбар хэлнэ үү?
-Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд хадгалагдаж буй төрийн мөнгөөр ХААН банкны хувьцааг худалдан авах боломжгүй. Аливаа мөнгөн хөрөнгийн шилжүүлэг заавал ямар нэгэн эх үүсвэртэй байдаг. Мөнгөн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж, хууль ёсны орлого гэдгийг нотолж чадаагүй нөхцөлд банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах боломжгүй. Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтад банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх ёстой гээд тодорхой заачихсан байдаг. Монголбанк хуульд заасны дагуу тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийн хууль ёсны орлого мөн эсэхийг шалгаж, мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг тогтоодог.
- ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдох тохиолдолд санхүүгийн эх үүсвэрийг Монголбанк шалгаж чадах уу? Бохир мөнгө эсэх тал дээр хэрхэн дүгнэлт гаргадаг вэ?
- Бохир мөнгө эсэх тал дээр эргэлзэх хэрэггүй. Ер нь аливаа банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд шинээр орж ирж буй хувьцаа эзэмшигчийн мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг Монголбанк тогтмол шалгаж, холбогдох баримтад үндэслэн хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргадаг тухай би өмнө хэлсэн.
ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компанийн хувьд ч мөн адил Монголбанк эцсийн өмчлөгч хүртэл шалгаж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоосон. “Упсилон” ХХН-ийн нийт хөрөнгийн 99.99 хувийг Япон улсын иргэн ноён Хаттори бүрдүүлсэн байдаг. Хатторигийн гэр бүл бол 1881 онд өнөөгийн “Сейко холдингс” корпорацийн үндсийг тавьсан үүсгэн байгуулагчид юм билээ. Тус гэр бүлийн гишүүд өнөөгийн байдлаар “Санко кигёо” ХХК-иар дамжуулан “Сейко холдингс” корпорацийн хамгийн том хувьцаа эзэмшигчид, эцсийн өмчлөгчид байдаг. Хатторигийн гэр бүлийн нэгэн гишүүн өөрийн эзэмшдэг “Санко кигёо” ХХК-ийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчиддээ худалдаж, “Упсилон” ХХН-д хөрөнгө оруулсан байдаг. Энэ хөрөнгөөр “Савада холдингс” компанийн хувьцааг худалдаж авах эх үүсвэрийг бүрдүүлсэн нь нотлогдсон.
Япон улсын “Нишимура энд Асахи” хуулийн фирмээс “Упсилон” ХХН болон “Мета капитал” компанийн эцсийн өмчлөгч нь ямарваа эрүүгийн болон мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх эсхүл ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авахад зарцуулагдах мөнгөн хөрөнгө нь “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК болон ноён Хаттори нарын Япон улсын хууль, тогтоомжийн дагуу эрхэлж буй хууль ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн үйл ажиллагааны эх үүсвэр мөн болохыг баталсан хуулийн дүгнэлтийг ч Монголбанканд ирүүлсэн.
- Эцэст нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдох процесс хэрхэн өрнөдгийг товч тайлбарлана уу. ХААН банкны хувьд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компани нь Японы зах зээл дээр хувьцаагаа зарахад Монголбанк хяналт тавьж чадах уу?
- Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авдаг.
ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компани нь Япон улсын хуулийн этгээд хэдий ч Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Монголбанканд мэдэгдэж, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг хүссэн. Монголбанкнаас “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын дагуу нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч хүртэл шалгаж, мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг тогтоосон. Үүний дагуу “Упсилон” ХХН-өөс ирүүлсэн баримт бичиг “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-д заасан шаардлагыг хангасан гэж үзээд Монголбанкнаас холбогдох хариуг хүргүүлсэн.
Хэдийгээр “Упсилон” ХХН болон “Мета капитал” компанийн Токиогийн хөрөнгийн бирж дээр зарласан тендер санал цуцлагдсан ч “Савада холдингс” компанийн хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа Япон улсын хууль, тогтоомжийн дагуу явагдаж байгаа гэж ойлгосон. Хувийн өмчөө захиран зарцуулах эрх хэнд ч нээлттэй. Хэрвээ “Савада холдингс” компани хувьцаагаа худалдсан бол энэ талаараа ХААН банканд албан ёсоор мэдэгдэх ёстой. ХААН банк нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд орсон өөрчлөлтийг Монголбанканд мэдэгдэх үүрэгтэй. Үүний дараа Монголбанк “Савада холдингс” компанийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэж, зөвшөөрөл олгосон нөхцөлд энэ үйл ажиллагаа дуусгавар болно. Заавал зөвшөөрнө гэсэн үг биш л дээ. Ямар нэг шинэ нөхцөл байдал үүсэж, хуулийн шаардлага хангахгүй тохиолдол илэрвэл Монголбанк зөвшөөрөл олгохоос татгалзаж, Банкны тухай хуулийн дагуу хувьцааг буцаан худалдах шаардлага тавих гэх мэт арга хэмжээг авах нь нээлттэй.
Нэмж хэлэхэд Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөд тавигдах шаардлагыг өндөрсгөсөн. Хэрэв банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчид тавигдах шаардлагыг хангахгүй этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч болсон нөхцөлд Банкны тухай хуульд заасан арга хэмжээг Монголбанк авч хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнд:
Банкны тухай хуулийн 36.4-т заасан баримт нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ хуулийн 27.1.5-д заасан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” үндэслэлээр Монголбанк тухайн банкны “Банк байгуулах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож нийтэд зарлана;
Хуулийн 36.7 дахь хэсэгт зааснаар “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна”;
Хуулийн 36.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 36.7-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцох бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Нэмж хэлэхэд Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зорилгоор тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж оруулсан. Банкууд энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх ёстой.
Зөвхөн ХААН банк гэлтгүй бусад банкууд ч хуулийн шаардлагыг хангах зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Тухайлбал ярианы гол сэдэв болоод байгаа ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компанийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед” компани ХААН банкны нийт хувьцааны 14.5 хувийг эзэмшдэг гэж би ярилцлагын эхэнд хэлсэн. Тэгвэл тус компанийн эзэмшдэг ХААН банкны хувьцааны 5 хувийг тус банкны ажилтнуудад эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, Монголбанкнаас зөвшөөрөл хүсээд байна. Монголбанк энэ асуудлыг ч бас хуулийн хүрээнд судалж үзнэ. Хуулийн шаардлага хангасан, хувьцаа худалдан авах эх үүсвэр нь нотлогдсон нөхцөлд зөвшөөрөл олговол ХААН банкны Монголын талын хувь эзэмшил 40 хувиас 45 хувь болж нэмэгдэх бололцоотой.
Эх сурвалж: Монголбанк