Эрээнд гацсан бараа бүтээгдэхүүнийг татан авах ажлыг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж буй. Тус ажлын хэсэг бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авах ажлыг хийж байна.
Энэ сард 89 вагон цагаан будаа, 70 вагон элсэн чихэр нийтдээ 159 вагон ачаа авахаар захиалга өгөөд байна. Одоогоор 16 вагон ачаа ирээд байгаа бөгөөд 37 вагон ачигдаж байна. Үлдсэн 106 вагоныг энэ сард багтаан татахаар зохион байгуулалт хийж байна. 60 вагон нарийн ногоо захиалснаас 7 вагон ногоо уржигдар орж ирсэн. Төмөр замын тээврийг цаашид тогтворжуулж, захиалгыг удаахгүй татах авахаар ажиллаж байгаагаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ.
Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан махны нөөц, борлуулалтын талаар мэдээлэл өглөө. Засгийн газраас гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг өвөл, хаврын махны нөөц бүрдүүлэлтэд зориулан гаргасан. Арилжааны банкуудын мэдээллээр мал бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд нийтдээ 81 тэрбум төгрөгийн зээл аваад байна. Энэ санхүүжилтээр 10.8 мянган тонн мах бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 5.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэгдээд байна.
Үүнээс гадна өвлийн идэшний цаг ирсэнтэй холбогдуулан нийслэлийн долоон байршил буюу Хархорин, Саруул зах, фермерүүд худалдааны төв, Тэнгэр, Амгалан захуудад махны борлуулалтыг тогтмол явуулахаар болсон байна. Мөн Мянган машины зогсоол болон Төв цэнгэлдэх хүрээлэнд махны үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ноос эхэлнэ.
Б.Хэрлэн
Уншиж байна |