Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хөрөнгө байршуулсан банк дампуурч, өнөөдөр ч асуудал цэгцэрч дуусаагүй байна. Гэтэл одоо дахин банк дампуурч, иргэдийн төлсөн даатгалын хөрөнгө эрсдэлд орсон мэдээлэл цацагдаж эхэллээ. Татвар төлөгчдийн мөнгийг арилжааны банкуудад байршуулан "угаасан" хэрэгтнүүд хариуцлага үүрдэггүй учраас ийм байдал дахин давтагдсаар буй юм.
Сангийн сайд Б.Жавхлан ч ийм байр суурь илэрхийлж байна. Тэрбээр "Төлбөрийн чадваргүй болж татан буугдсан банкийг шалгахаар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө байж байдаг. Төрийн мөнгө ингэж эзэнгүйдэж болохгүй. Энэ зарчмаар төрийн санд төрийн өмчийн байгууллагууд, төрийн сангуудын хөрөнгийг төвлөрүүлж байдаг. Банкны эрсдэлээс гадна тэр банкинд аваачиж байршуулсан төрийн мэдлийн хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Цаашид ийм эрсдэл дахин гаргаж болохгүй хатуу зарчим, хууль дүрэмтэй болох ёстой" гэсэн байр суурьтай байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ЭМДС, НДС-ийн хөрөнгийг төрийн санд төвлөрүүлж байгаа. Төрийн сангаас гадуур ямар ч банкинд хөрөнгө нэмж байршуулаагүй гэдгийг Сангийн сайд нь хэлж байна. Өмнөх Засгийн газруудын байршуулсан хөрөнгийг үргэлжлүүлэн төрийн сан руу татаж байгаа бөгөөд энэ он гарсаар 30 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
В.Бат
Уншиж байна |