Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн барилга барьсан компаниуд үнийн зөрүүний санхүүжилтийг 2022 оны төсөвт суулгаж өгөхийг удаа дараа шаардаж буй. Уг асуудалд салбарын яам, Засгийн газар анхаарал хандуулаагүй учраас тэд өнөөдрөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Тэгвэл уг асуудлаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Барилгын салбарын 100 орчим компани 60 тэрбум төгрөгийг 2022 оны төсөвт суулгах шаардлага тавьж байна. Бид хэсэг компанийн төсөл арга хэмжээг тасалж шийдвэрлэх боломжгүй.
ТЭЗҮ, зураг, тоног төхөөрөмжийн 150 төслийг хасаад тооцохоор 1000 орчим төсөл үнийн өсөлтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Тиймээс манай яам, Засгийн газар 1000 орчим төслийн бүгдийнх нь асуудлыг ярьж байгаа. Энэ асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдааны ажлын хэсэг өнөөдөр ярилцана, тодорхой шийдэл гарах байх” гэсэн мэдээллийг өглөө.
Харин ажлаа хийсэн барилгын компаниудын гүйцэтгэлийн санхүүжилтыг цаг тухай бүрт нь шилжүүлж байгааг хэллээ. Үнийн өсөлтийн асуудалд 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө хэрэгжсэн 1100 орчим төсөл, арга хэмжээнд яригдаж буй юм.
Б.Хэрлэн
Уншиж байна |