Коронавирусийн халдвар бидэнд импортлогч улсын зовлонг хангалттай амсуулж байна. Идэж уух, өмсөж зүүхээс эхлээд хэрэглээ бүхнээ гадны улсаас зөөж байсан бид экспортлогч улс хилээ хаахад л гачигдал дутагдалтай нүүр тулж байна. Экспортлохоо байг гэхэд ядаж л дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бол бид Хятад найтаахад дагаж ханиахгүй байх байлаа. Өнөөдөр Эрээн боомт хаалттай, монголчууд эм тариа хайж сураглахаас эхлээд тэнгэрт хадсан нарийн ногооны үнийг гайхан шагшиж байна. Маргааш будаа, сахар, ургамлын тосоо эрж хайхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгвэл манайд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангачих үйлдвэрлэл үнэхээр байхгүй гэж үү. Энэ асуултын хариуг олохоор эрж сурагласаар ургамлын тосны “MindTech” компанийг оллоо. Тус компани ургамлын тосны дотоодын хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгүй экспортлох хүчин чадалтайг гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр ярьж байна.
-Эхлээд хоёулаа манай улсын ургамлын тосны дотоодын хэрэгцээний талаар ярья. Бид жилд ямар хэмжээний ургамлын тос хэрэглэдэг. Үүний хэдэн хувийг танай үйлдвэр хангах боломжтой вэ?
-Одоогоор манай улсын ургамлын тосны дотоод хэрэгцээ жилийн 20 мянган тонн байгаа. Харин манай үйлдвэр жилд 30 мянган тонн тос боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрлэлийн хэмжээгээр бол бид дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэсэн үг. Мэдээж, монголчууд бүгд манай тосыг хэрэглэх албагүй. Бид супер борлуулалт хийж, дотоодод 15 мянган тонныг нийлүүлэхэд тал хувь нь илүүдэл болно.
-Тэгэхээр дотоодын хэрэглээнээс давсан хэмжээг экспортолно гэсэн үг үү?
-Бид бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой. Тиймдээ ч анхнаасаа сав баглаадаа анхаарч, боловсронгуй болгосон. Азийн зах зээлийг судалсан, Японы бүх тосны сав гэхэд бариултай байдаг. Бидний судалгаанаас Солонгос, Япон, Зүүн Азийн улсууд, Сингапур, Хонгконг улсад экспортлох боломж харагдаж байгаа.
-Гэхдээ энэ улсууд өөрсдөө үйлдвэрлэгч орнууд. Зах зээл бий гэж үү?
-Манай ургамлын тосны хамгийн гол давуу тал бол генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн. Энэ бол манай бүтээгдэхүүний нэрийн хуудас.
Бид том улсуудын массын зах зээл рүү орохгүй. Харин эрүүл хүнсний багахан зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ оруулахаар ажиллаж байна. Дээр нь манай улсын хөрс эрүүл. Өнгөрсөн жил атрын 60 жилийн ойг тэмдэглэсэн гэхээр маш залуу хөрс гэсэн үг. Эрүүл хөрсөнд ургасан түүхий эдийг Герман, Швед технологиор боловсруулж, бүтээгдэхүүн болгож байгаа нь бидний хамгийн том давуу тал болно.
-Уг нь бид ургамлын тосны импортод санаа зовохгүйгээр, дотоодоосоо хангах бүрэн боломжтой юм байна. Одоо үйлдвэр бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа юу?
-Үйлдвэр энэ жилээс 100 хувь хүчин чадлаараа ажиллаж эхэлж байна. Түүхий эдээсээ шалтгаалаад бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, хугацаа алдсан. Энэ жил бид Гацуурт компаниас 2000 тонн рапс авч, туршилт хийсэн нь амжилттай болсон. Цаашид Гацууртаас үр авахаар яриа хэлэлцээ хийж байна.
-Тэгвэл дотоодын зах зээлийн борлуулалт хэр байдаг вэ. Танай бүтээгдэхүүн хүмүүст төдийлөн танигдаагүй бололтой.
-Бид 2018 оноос эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Түүхий эдийн хангамжаас шалтгаалаад бага хүчин чадлаар ажиллаж, жилд 1000-3000 тонн буюу 3 сая ширхэг ургамлын тос үйлдвэрлэсэн. Монголчуудын хэрэглээ 20 сая ширхэг гэхээр энэ бол маш бага тоо.
Манайх “Эзэгтэй” брэндээ 2019 онд гаргасан. Түүхий эдийн хангалт төдийлөн сайн байгаагүй учраас бид олон нийтэд таниулах гэж яараагүй. Одоо манай бүтээгдэхүүн Номин, Миний дэлгүүр, зах худалдааны төв, жижиг дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Мөн манай таван литрээр савласан “Оргих” тосыг ресторан, цайны газар, нарийн боовны цех, катерингийн үйлчилгээ эрхлэгчид илүү хэрэглэдэг. Энэ хэрэглээг таслахгүй байхыг хичээсэн. Чанарыг туршиж үзээд л шууд авдаг, рекламдах шаардлага гардаггүй гэсэн үг. Талх чихэр компанийн жигнэмэгийн үйлдвэр эрүүл бүтээгдэхүүндээ манай тосыг хэрэглэхээр гэрээ байгуулсан байгаа. Рапсын тос ханасан тосны агууламж хамгийн бага байдаг учраас чанартай, эрүүлд тооцогддог.
-Ямар үнээр зарагддаг вэ?
-Нэг литрийн хэмжээтэй “Эзэгтэй” тосны бөөний 5500 төгрөг. Сүлжээ болон бусад дэлгүүрүүд бол өөрсдөө үнээ тогтоогоод зарж борлуулдаг. Та захын дэлгүүрт ороод импортын тосны үнэ харахад 7000, 8000 төгрөгөөс эхэлж байгаа. Бид хамгийн өндөр чанартай тосыг хамгийн хямд үнээр зарж байгаа. Энэ бол үндэсний үйлдвэрлэгч бидний хүнд цаг үеийг хэрэглэгчидтэйгээ хамт туулахыг хичээж байгаа нэг оролдлого.
-Бидний ургамлын тосны хэрэглээ 100 хувь импортоос хамааралтай байна. Импортын тос, танай үйлдвэрлэдэг рапсын тос хоёрын ялгаа юу байна вэ? Үндэсний үйлдвэрлэл гэхээс өөр ямар давуу талыг нэрлэж болох вэ?
-Тосны бүтэц ханасан болон ханаагүй гэсэн хоёр хүчлээс бүрддэг. Ханаагүй тос нь хүний биед маш хурдан задарч, шингэдэг. Харин ханасан тос нь удаан шингэцтэй, хүний биед ороод царцдаг гэж болно.
Манай бүтээгдэхүүний гол түүхий эд болох рапс ханасан тосны агууламж хамгийн бага буюу 6 хувьтай. Товчхондоо ханаагүй буюу сайн тосны агууламж хамгийн өндөр гэсэн үг.
-Засгийн газар ургамлын тосны дотоодын үйлдвэрийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ. Энэ хэр дэмжлэг болох вэ?
-Энэ бол үнэхээр том дэмжлэг, төр засагтаа талархаж байна. Гэхдээ энэ дэмжлэг “гал унтраасан” төдий битгий байгаасай. Импортын бараанд нэг удаагийн дэмжлэг үзүүлж, “гал унтрааж” болно. Харин үндэсний үйлдвэрлэлд цаг үеийн шинжтэй, хугацаа нь дуусдаг шийдвэр хэрэггүй. НӨАТ-ын чөлөөлөлтийг цаашид үргэлжлүүлээд, байнгын болгоод өгөөсэй гэж бодож байна.
Учир нь бид тариаланчдаас рапсыг НӨАТ-гүй авдаг. Харин тосоо НӨАТ-тай борлуулдаг. Өөрөөр хэлбэл бид дэмжлэг авах бус 10 хувийн нэмэгдэл ачаа үүрч байна гэсэн үг.
-Ургамлын тосны үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлнө гэж ярьж байсан. Танайхаас өөр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байна уу?
-Байхгүй. Рапсаа боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэр ганцхан манайх. Харин савладаг бол байгаа байх.
-Танайх савлагаагаа яаж шийддэг вэ?
-Турк улсаас бэлдэцээ оруулж ирээд, саваа өөрсдөө үйлдвэрлэдэг. Харин таван литрын тосны савны бэлдэцийг Монголын МонПак үйлдвэрээс авдаг.
-Түүхий эд хангалтгүйгээс үйлдвэрлэл саатсан талаар та ярилаа. Манай улс жилд ямар хэмжээний рапс тариалдаг вэ. Дотоодын хэрэгцээ, экспортын харьцаа нь ямар байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд дундажаар 70 мянган га-д тариалалт хийж, 30 гаруй мянган тонн рапс хурааж авч байна. Үүний ихэнх буюу 20 гаруй мянган тонныг Хятад руу экспортолдог. Дотоодын үйлдвэрлэлд маш бага хувийг зарцуулдаг. Үүний байрыг сольж байж л үйлдвэрлэл хөгжинө.
-Танай тосны гол түүхий эд нь рапс юм байна. Рапс хөрсөнд муу, үржил шимгүй болгодог гэх яриа бий.
-Манай тариалагчид рапсыг одооноос тарьж байна. Рапс хөрсөнд муу гэдэг яриа хоёр зүйлээс үүдэлтэй. Нэгд нь хятад шар үр. Энэ үрээр тариалалт хийхийг Хятад хориглосон. Монголд ч тарих зөвшөөрөл аваагүй атлаа хятадууд оруулж ирээд тариад байдаг. Бүр үнэтэй, үнэгүй тарааж, буцааж худалдаж авдаг. Энэ үр техникийн тос гаргаж авах зориулалттай рапс. Монголд үйлдвэрлэлийн ямар ч үр өгөөж байхгүй. Бид үүгээр хүнс хийх боломжгүй. Хүчлийн стандарт хэмжээ 3 хувь байх ёстой байтал энэ үрийнх 30-40 хувь байдаг. Гэхдээ манай том тариаланчид шар үрийг тарьдаггүй, Rapool гээд хар үрээр тарилалт хийдэг болсон.
Хоёрдугаарт, технологийн бус тариалалт. Ямар ч тарималыг нэг хөрсөнд жил дараалан тарьж болдоггүй. Улаанбуудайг ч энэ жил тарьсан хөрсөндөө давтан таривал хөрсний үржил шимгүй болдог. Талбайгаа амраах ёстой. Харин энэ жил улаанбуудай, дараа жил рапс гэж ээлжлэн таривал хөрсөнд ямар ч асуудалгүй.
-Рапсын үнэ ханш ямар байгаа вэ?
-Өндөр үнэтэй. Бид энэ жил нэг тонныг 1.8 сая төгрөгөөр авч байна. Улаанбуудай бол 600-650 мянган төгрөг байгаа. Тэгэхээр гурав дахин илүү үнэтэй түүхий эд байгаа биз. Үнэтэй болохоор хүмүүс хөрсөө сэлгэхгүй, дахин тариад байгаа. Тарималыг буруутгаж байхын оронд технологио барих ёстой шүү дээ.
Ярилцсан танд баярлалаа.
В.Бат