Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол нүүрс ассосиациас хамтран “Жишиг үнэ ба Амнат” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2021 оны 7 дугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон. Үүний дүнд нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд үндэслэлгүй татвар төлөхөд хүрч, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрээд байгааг тус хэлэлцүүлгээр онцолж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцсон юм.
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Амнат буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ямар ч уул уурхайн компани байгалийн баялгийг олборлосон л бол төлөх ёстой. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлснөөр улсдаа төсөв бүрдүүлэх, уул уурхайн компаниуд тогтвортой үйл ажиллагаа явуулахад ч ашигтай байдаг. Харин өнөөгийн нөхцөл байдалд Хятад улсад нүүрсний үнэ маш өндөр түвшинд хүрсэн ч манай улс дэд бүтцийнхээ асуудлыг шийдээгүйгээс хилээрээ нүүрсээ гаргаж чадахгүй байна. Ингэснээр бид зах зээлийн өндөр үнээс тусгаарлагдаж, үр ашиг нь Монгол Улсад мэдэгдэхгүй байна.
Гэтэл олборлосон нүүрсний хэмжээнээс хамаарч нөөцийн төлбөрийг өнөөх зах зээл дээр байгаа өндөр үнээр шууд бодчихдог. Нэг зүйлийг олборлочихоод, борлуулж байгаагаасаа өндөр үнээр нөөцийн төлбөр төлөх нь уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдэд хүнд тусна. Иймээс үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа юм. Хэрэв борлуулах боломжгүй болчихвол байгалийн баялгийг хаяхад хүрнэ. Энэ нь маш их баялаг үнэгүй хог болно гэсэн үг. Санхүүгийн хувьд ч хэцүү. Тиймээс зохих арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд хамтран энэ талаар Сангийн яаманд шаардлага хүргүүлээд байна.
О.Төгөлдөрмаа
Уншиж байна |