Г.Ёндон: ОХУ, БНХАУ-аас есдүгээр сард шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон АМГТГ-ын удирдлагууд, шатахуун импортлогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ92 автобензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-тай хийсэн гэрээнд сар бүр 28 мянган тонн шатахуун нийлүүлэх үүрэг бий. Гэтэл аас 08 дугаар сард ОХУ гэрээний дагуу 28 тонн шатахуун нийлүүлж боломжгүй нөхцөл үүслээ. Шалтгаан нь Ангарскийн нефтийн үйлдвэрт засвар хийж байгаагаас гадна коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 09 дүгээр сард 17 мянган тонн нийлүүлэх боломжтой гэсэн мэдэгдэл ирсэн.
Тиймээс бид хэрэглээгээ хэвийн байлгахын тулд БНХАУ-ын Чайна Ойл компанитай Петровис, Сод монгол, Шунхлай, Магнай трейд, Люкс Ойл гэсэн таван ААН гэрээ хийж, мөнгөө шилжүүлсэн байсан. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-ын Роснефть компаниас 10 дугаар сарын 01 хүртэл үлдэгдэл шатахуунаа нийлүүлэх боломжгүй гэсэн мэдэгдлийг өгсөн. Яг үүнтэй давхцаад БНХАУ-ын ачаа эргэлтийн ачааллаас үүдэн 09 дүгээр сард төмөр замаар шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн мэдээ ирсэн. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн ААН-үүд хязгаарлалт хийсэн.
Манай улсаас таван ААН Хятадын Чайна Ойл компанид 1037 вагоны мөнгө төлж, ачигдахыг хүлээж буй аж. Тиймээс манай улсаас БНХАУ-д төмөр замын ачаа тээвэрт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл 4 хоногийн шатахууны нөөцтэй байна. Харин орон нутаг хэвийн байгааг АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр хэллээ. БНХАУ-аас эхний вагон 5-7 хоногт орж ирнэ. Тиймээс байгаа нөөцөө олон хүнд хүртээх зорилгоор шатахуун түгээлтийг хязгаарлахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлж байна.
М.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ