Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Д.Баярсайхан: Виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь хуулиар зөвшөөрсөн төлбөрийн хэрэгсэл биш
2021-09-10

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас олон нийтийн анхаарлын төвд байгаа виртуал хөрөнгө буюу койн, токений талаар цөөн асуултад хариулт авлаа.  

 

-Сүүлийн үед криптовалют болон олон төрлийн койн хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, түүнийг дагаад иргэд хөрөнгө оруулалт хийх нь ихэссэн.  Энэ тал дээр Санхүүгийн зохицуулах хороо ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалют, койны төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм. Тодруулбал, виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхойлсон санхүүгийн хэрэгсэлд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол нөгөө талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд цахим мөнгөнд хамаарахгүй бөгөөд албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш юм. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй, үнэ ханшийн хувьд хэлбэлзэл өндөртэй, энэ хэмжээгээрээ эрсдэл өндөртэй гэдгийг олон нийтэд удаа дараа сэрэмжлүүлж, анхааруулсан. 2021оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, олон нийтэд зориулж нийтдээ 14 удаагийн зөвлөмж, анхааруулга, сэрэмжлүүлэг гаргасан. Гэсэн ч зарим иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох сэдлийг ашиглаж залилан, луйврын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байх эрсдэлтэй тул хүн бүр хөрөнгө оруулах шийдвэрээ сайтар тооцоолж, анхаарал болгоомжтой хандах шаардлагатай. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүн бөгөөд уг байгууллагатай мэдээлэл байнга солилцож, гаргасан анхааруулга, хийж хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, мэдээ мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллаж байна.

 

-Эрсдэлтэй гэдгийг Хорооноос удаа дараа анхааруулсан гэж байна. Гэхдээ зарим нэг нь мөнгө олоод байгаа учраас хүмүүсийг татаад байх шиг. Хэрэв иргэд залилуулах, санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл учирсан тохиолдолд яах вэ? Бас хэрхэн сэргийлэх ёстой вэ?

 

-Виртуал хөрөнгийн хувьд зохицуулалтгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ тул эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө хүлээх юм. Койн, криптовалют гаргасан этгээд дампуурах, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд ямар нэгэн албан ёсны баталгаа гаргаагүй бол Та  оруулсан хөрөнгөө алдана л гэсэн үг. Харин хувьцаа, бонд зэрэг нь хууль, эрх зүйн орчны хүрээнд зохицуулалттай буюу гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны хохирогч болсон тохиолдолд авах арга хэмжээ болон хаана хандаж шийдвэрлүүлэх, татан буулгах, төлбөрийн дараалал тогтоох, хэн хэрхэн хариуцах зэрэг харилцаа тодорхой байдгаараа ялгаатай.

 

Түүнчлэн “Памп энд Дамп” буюу өөрөөр хэлбэл үнийг зохиомлоор хөөрөгдүүлэн өсгөж, санаатайгаар унагаах схем нь олон улсад виртуал хөрөнгө, криптовалют дээр ихэвчлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү санхүүгийн луйврын хэлбэр нь хүмүүсийн хурдан баяжих сэтгэлгээнд суурилан богино хугацаанд өндөр ашиг амладаг. Ийнхүү иргэд өндөр ашиг хүртэх итгэлтэйгээр өөрийн мөнгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулснаар алдах нь элбэг. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэл болох хувьцаа, бондтой огт адилгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй учир үнийн савалгаа ихтэй байдаг. Биткойны өндөр савалгаанаас үүдэн их хэмжээний мөнгөө богино хугацаанд алдсан бодит кейсүүд маш олон. Үүнээс гадна, виртуал хөрөнгө нь бодит хөрөнгөөр баталгаажаагүй, ямар нэгэн бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэхгүй. Иймээс Та хөрөнгө оруулалтын шийдвэрээ ухаалгаар гаргаж, боломжтой бүхий л эрсдэлийг тооцож үзэх нь зүйтэй.

 

-Криптовалютыг зохицуулах боломжтой юу?

-Боломжтой, боломжгүй гэхээсээ илүүтэйгээр өмнө дурдсанчлан хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг зөрчигдөх, цаашлаад санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй учир зохицуулалтыг тодорхой түвшинд хийх шаардлага тулгараад байна. Үүнээс гадна виртуал хөрөнгө, криптовалют нь мөнгө угаалтын хэрэгслээр ашиглах өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн гэж Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас үзээд байгаа.

 

Виртуал хөрөнгө, криптовалютын үүсэх болсон анхны шалтгаан нь дундын зуучлагчгүйгээр төлбөр тооцоо, гүйлгээ хийх, мэдээлэл солилцох байсан. Дундын зуучлагчгүй гэсэн утгаараа төлбөр гүйцэтгэж буй этгээдүүдийн мэдээллийг баталгаажуулах боломжгүй, төлбөрийн зорилго, юунд ашиглаж байгаа нь тодорхойгүй байдаг учир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг дагуулж байдаг.

 

-Зарим улс орон койноор худалдаа үйлчилгээ хийж байгаа хандлага байх шиг. Виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн улс орон хэр байдаг вэ? Ер нь криптовалют төлбөрийн хэрэгсэл мөн үү?

 

Дэлхийн улс орнуудын хувьд харилцан адилгүй хандлага, зохицуулалттай байдаг ба үйл ажиллагааг бүрэн хориглохоос эхлээд криптовалютын зохицуулалтын хууль эрх зүйн актуудыг батлах зэрэг олон төрлийн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг.

 

Монгол Улсын хувьд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд криптовалют, виртуал хөрөнгийг төлбөрийн хэрэгслээр ашиглах боломжгүй. Иргэд, олон нийтийн дунд төлбөрийн хэрэгслээр ашиглаж буй цахим мөнгийг криптовалютаар андуурах тохиолдол гараад байгаа. Цахим мөнгө нь холбогдох журам, хууль эрх зүйн хүрээнд зохицуулагдсан бөгөөд нийт зах зээлд гарсан хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийн баталгааг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл эрсдэл үүссэн тохиолдолд хохирлыг барагдуулах баталгаатай, мөн зохицуулалтын орчин нь тодорхой гэсэн үг юм. Харин криптовалют, виртуал хөрөнгийн хувьд ямар ч зохицуулалтгүй гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх.

 

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн гол, гол зохицуулалтын талаар танилцуулна уу? 

 

-Криптовалют, виртуал хөрөнгө нь олон улсын санхүүгийн зах зээл төдийгүй Монгол улсын санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид нөлөө үзүүлж эхэлж байгаа учраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж батлуулах гэж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль эрх зүйн орчин бүрдэж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих нөлөөтэй. Хуулийн төслийн хүрээнд виртуал хөрөнгийг гэхээсээ илүүтэйгээр тэдгээрийг гаргаж байгаа болон түүгээр үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн үйл ажиллагааг зохицуулах заалтууд тусгагдсан. Товчхондоо эдгээр зохицуулалтаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, тэдгээрийг бүртгэх, хяналтын механизмыг бий болгох юм.

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин