Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас үүдэж манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон сорилтууд тулгарсан ч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээ, индексийн үзүүлэлтүүд сүүлийн үед түүхэн дээд түвшинд хүрээд байна.
Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн сард 4.0 их наяд төгрөгт хүрч, үндэсний томоохон компанийн үнэлгээ 1.0 их наяд төгрөг хүрсэн бол өнөөдөр буюу есдүгээр сарын 08-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК дээрх зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн түүхэнд хамгийн дээд түвшинд буюу 5.0 их наяд төгрөгт хүрлээ.
УИХ, Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг дэмжиж ажилласны үр дүнд Санхүүгийн зохицуулах хороо зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч нартай хамтран хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодын болон гадаадын биржүүдийн хооронд үнэт цаас хөрвүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тогтолцоог бүрдүүлэх чиглэлд бодлогын томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлснээр өнөөдөр ийнхүү зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрээд байна. Энэхүү өсөлтөд цөөн тооны хувьцаат компаниудын үнэлгээнээс илүүтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сэргэж, арилжаанд оролцох идэвх нэмэгдэж, бүртгэлтэй хувьцаат компанийн нийт үнэлгээ өссөнийг онцлох нь зүйтэй.
Цаашид ч УИХ-аас баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд зээлийн хүү үе шаттайгаар буурах, системийн нөлөө бүхий банкууд ирэх онд хувьцаат компани болж, хувьцааг нь арилжаа эрхлэх байгууллагаар дамжиж олон нийтэд арилжсанаар зах зээлийн үнэлгээ улам нэмэгдэх, түүнийг дагаад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, урт хугацааны санхүүжилтийн цогц тогтолцоо илүү сайжрах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: СЗХ
Уншиж байна |