Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендер шалгаруулалтад Сангийн яам тэр дундаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт саад учруулж буй тухай мэдээлсэн. Тэрбээр “Сангийн яамны ТНБД С.Наранцогт компанийн нэр цохож шалгаруулахыг шаардсан. Шалгаруулаагүй тохиолдолд АТГ-т бичиг хүргүүлнэ. Автобус шатвал С.Наранцогт хариуцлага хүлээх үү, Сангийн яам хариуцлага хүлээх үү?” хэмээн хатуухан хариуцлага нэхсэн.
Тэгвэл өнөөдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт мэдээлэл хийж, хотын даргын хариуцлага нэхсэн мэдэгдэлд хариу тайлбар өглөө. Тэрбээр хотын дарга Д.Сумъяабазарыг худал мэдээлэл тарааж, өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдэгдэж байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас улсын төсвийн хөрөнгөөр 60 ширхэг автобус худалдан авах тендерийг зарлажээ. Тус шалгаруулалтад долоон компани оролцож, Сүлдэрхан минералс ХХК-ийг сонгосон байна. Гэтэл тендерт оролцсон 7 компанийн 3 нь Сангийн яаманд гомдол гаргасан аж. Улсын байцаагч тухайн гомдлуудыг хянаж үзээд Сүлдэрхан минералс компани зургаан шаардлагыг хангаагүй байгааг тогтоожээ. Тухайлбал, Сүлдэрхан минералс ХХК автобус нийлүүлж байсан туршлагагүй, өөрийн засварын төвгүй зэрэг зөрчилтэй байсан гэдэг мэдээллийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт өглөө.
Мөн тэрбээр “2020 онд нийслэлийн худалдан авах ажиллагаатай холбоотой 22 гомдол ирсэн. Үүний 16 нь хууль зөрчиж, тендер шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон. 2021 оны III улирлын байдлаар нийслэлийн тендер шалгаруулалттай холбоотой 9 гомдол Сангийн яаманд ирсэн нь бүгд хууль зөрчсөн байна. Нийслэл худалдан авах ажиллагаагаа хуулийн дагуу зөв шударга явуулж, захилагчийн эрх үүргийг биелүүлэх шаардлагатай байна“ гэдгийг нэмж хэллээ.
Сангийн яам тендер шалгаруулалтад оролцдоггүй. Зөвхөн оролцогч компани гомдол гаргасан тохиолдолд хянаж шалгадаг. Тендер шалгаруулалтад энэ компанийг оролцуулж, шалгаруул гэсэн бичиг явуулах боломжгүй гэдгийг Сангийн яамны удирдлагууд хэлж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |