ХААН Банк Швейцарийн хөрөнгө оруулалтын менежментийн томоохон компани “Symbiotics SA” (Symbiotics)-ийн удирддаг хөрөнгө оруулалтын “MSME Bonds S.A.” сантай таван жилийн хугацаатай, 23.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгууллаа.
Энэхүү эх үүсвэрийг бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, бизнесээ тогтвортой үргэлжлүүлэх, дунд болон урт хугацаат санхүүжилтийн эрэлт хэрэгцээг хангах, ирээдүйд өсөж хөгжихөд нь шаардлагатай санхүүжилтийг олгоход зарцуулах юм.
ХААН Банк нь “Symbiotics” компанитай 2014 оноос хойш идэвхтэй хамтран ажилласаар ирсэн бөгөөд цар тахлын энэ үед харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг хангах таатай нөхцөл бүхий санхүүжилтийн эх үүсвэр олгож байгаагаараа онцлог.
ХААН Банкны тухай:
ХААН Банк нь Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 547 салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай хүргэж ажилладаг, үндэсний хэмжээний тэргүүлэгч банк юм. Үүсэн байгуулагдсанаас хойш 30 жилийн хугацаанд санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай, тогтвортой үйл ажиллагаагаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж чадсанаас гадна банкны бүхий л үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүлэн уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчлээд буй билээ. Мөн түүнчлэн жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж, тэдэнд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, “Сорилтыг хамтын хүчээр” уриан дор цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
“Symbiotics” компанийн тухай:
“Symbiotics” нь хөгжиж буй орны зах зээл дэх бичил, жижиг, дунд үйлдвэрлэл болон бага, дундаж орлоготой өрхүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын удирдлагын тэргүүлэгч компани билээ. Тус компани нь зээлийн багцын менежмент, зөвлөх үйлчилгээ санал болгодог бөгөөд одоогоор хөгжлийн санхүүгийн байгууллагууд, олон улсын банкууд, хөрөнгийн менежерүүд болон институцийн хөрөнгө оруулагчдад зориулан хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулж буй. 2005 оноос хойш хөгжиж буй зах зээл дэх 490 гаруй компанид 6.5 тэрбум ам.долларын эх үүсвэр босгон зуучилж өгөөд байна.
Уншиж байна |