Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр болж хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой ажлуудыг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийт 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдварт цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-ний хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоонд өрсөлдөөн бий болгож, Нийслэлийн орон сууцны корпораци болон бусад холбогдох хуулийн этгээдэд шинээр шаардлагатай тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх талаар холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хороонд даалгасан. Үүний дагуу “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “Носк нэг ТЗК” ХХК, “Носк хоёр ТЗК” ХХК, “Носк гурав ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нийт 1,030 төрийн албан хаагчдад хамаарах 87.8 тэрбум төгрөгийн орон сууцны түрээсийн орлогоор баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэсэн. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар мөн “Носк дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.
Мөн УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын зээлдэгчид бага хүүтэй зээл олгох нөхцөлийг бүрдүүлэх” ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хэрэгжүүлэхээр заасан. Энэ дагуу хуралдаанаар “ҮЦСК актив нэг ТЗК” ХХК-ийн уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт олгосон хэвийн зээлээр баталгаажсан 40.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 3 хүртэл жилийн хугацаатай баталгаат үнэт цаасыг бүртгэх шийдвэр гаргалаа.
Хуралдаанаар мөн нэр бүхий 20 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн нэг хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, дөрвөн компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг иргэнд үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Эх сурвалж: СЗХ
Уншиж байна |