Нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд хүн осолджээ
2021-08-12

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар өчигдөр хиймэл нууранд хүн осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид очиж, нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Иргэн Н-ын цогцсыг нуурын 11 метрийн гүнээс олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн байна. 

 

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан” гэдэг газар нэг хүн тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 65 км замыг туулан 21:45 цагт очиход иргэн Э /34 настай эрэгтэй/ тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоож өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин