Өмгөөлөгч, хуульч, эдийн засагч, IT инженер, байгаль орчин, экологийн мэргэжилтнүүд, олон улсын мэргэжилтнүүд хамтран Монголд анх удаа “шүгэл үлээх” платформыг үүсгэжээ. Энэхүү платформ нь Монгол Улсын иргэн бүрт зориулагдсан аж. Өөрөөр хэлбэл иргэдийн ажил, амьдралд ямар нэгэн дарамт ирж, эрх нь зөрчигдвөл энэ платформоор шууд мэдэгдэх боломжтой. Ингэснээр хуульчид тухайн санал гомдлыг хүлээн аван судалж, зохих байгууллагуудаар нь шалгуулж, шийдвэр гартал нь араас нь явах аж. Тэгээд шаардлагатай тохиолдолд тухайн хэрэгт холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах зарчмаар ажиллах юм байна.
Тус системийн анхны хандагч болох Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай Оюутолгой компанид ажлын байрны дарамт хэрээс хэтэрч, ажилчид амиа хорлох хэмжээнд хүрснийг хэлж байна. Тэрбээр өнгөрсөн өвөл нэг сарын дотор Оюутолгойд дөрвөн ажилтан нас барсан. Тэдний амиа алдсан шалтгаан одоо болтол тодорхойгүй байна. Оюутолгой төслийн ил уурхайн ажилтан нь ажлын байран дээрээ амиа хорлосон. Эмнэлгийн сувилагч сэтгэцийн өөрчлөлтөд орсон. Амрах байранд, гүний уурхайд ажилчид нас барсан тохиолдлууд байна. Ингэж ажилчид нас барж байхад шалтгааныг тогтоохгүй, олон нийтээс нууцалдаг. Хэн ч хариуцлага хүлээхгүйгээр, авлига хээл хахуулаар чимээгүй алга болгодог тогтолцоо Оюутолгойд бий болох гээд байна” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр "Оюутолгой компани 16 000 монгол хүнд өндөр цалин өгдөг гэж худлаа мэдээлэл цацдаг. 2500-3000 орчим үндсэн ажилчид хангалттай цалинтай ажилладаг. Гэтэл хамгийн хүнд хэцүүг нь хийдэг хүмүүс сая хүрэхгүй цалин авдаг. Тиймээс ажилчдын эрхийг хангахын төлөө ажиллана" гэдгээ хэлж байна.
В.Бат
Уншиж байна |