УУХҮЯ, Монголбанк, АМГТГ болон импортлогч аж ахуй нэгжүүд шатахууны үнэ, нөөцийн талаар хамтарсан уулзалт Төрийн ордны А танхимд боллоо. УУХҮ-ийн сайд Г.Ёндон газрын тосны бүтээгдэхүүний гадаад зах зээлийн үнийг танилцуулж, дотоодод шатахууны үнэ нэмэгдэх зайлшгүй нөхцөл байдал үүссэнийг танилцууллаа. Тэрбээр “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ алдагдал цаашид үргэлжилсэн тохиолдолд автобензиний хомсдол үүсэх учраас шатахууны үнийг үе шаттайгаар нэмэх шийдвэрийг гаргасан” гэсэн тайлбарыг өглөө.
Тус уулзалтад оролцож буй НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат “Газрын тосны салбар монополь зах зээл биш. 100 гаруй импортлогч компани өрсөлдөж байна. НИК ХХК 20 орчим хувийг эзэлдэг. Тиймээс шатахууны жижиглэнгийн үнийг чөлөөт зах зээлийн зарчмаар тогтоодог.
Шатахууны үнэ 08, 09 дүгээр сард өснө. Энэ бол зах зээлийн зарчим гэдгийг хэрэглэгчид зөвөөр ойлгох хэрэгтэй. Үнэ буух үед нь буулгаад явдаг. Компаниуд 02 дугаар сараас алдагдал хүлээгээд 07, 08 дугаар сар хүртэл явлаа. Энэ салбарт 10 гаруй мянган өрхийн амьжиргааг бодож компанийн ажилчдыг цомхотгохгүй байхыг хичээсэн. Алдагдалтай ажилласан ч нэг ч хүн цомхотгоогүй, цалин бууруулаагүй” гэдгийг хэлээд ШТС-уудын урсгал засвар, аюулгүй байдлыг хангах, гадаад зах зээлийн худалдан авалтад хүндрэл үүссэн учраас үнээ нэмэх саналаа холбогдох газар, яаманд хүргүүлж байснаа дурдаж байна.
ОХУ АИ 95, АИ 98 шатахуунд экспортын хориг тавиад буй. Тиймээс манай улсын шатахуун импортлогчид яаралтай арга хэмжээ авч, БНХАУ-ын Чайна Ойл компанитай хэлэлцээ хийж, шатахуун авч эхэллээ. Өнгөрсөн бямба гаригт Эрээний боомт дээр 1 130 тонн АИ95 бензин ирж, түрүүчээс нь Монгол руу татаж байгаа аж.
Манай улс өнөөдрийн байдлаар АИ95 бензиний 40 орчим хоногийн нөөцтэй байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэллээ.
В.Бат