Өчигдөр орой шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, АИ 92 авто бензин 1750 төгрөгийн үнэтэй болов. Харин орон нутагт нийслэлээс 100 төгрөгөөр илүү буюу 1850 төгрөгийн үнээр борлуулагдаж эхэллээ.
Ер нь шатахууны үнэ нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал байв. Өнгөрсөн сарын 10-нд шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг үе шаттайгаар 600 төгрөгөөр нэмэх саналыг төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Тухайн үед Засгийн газар галыг түр унтраасан, шатахууны үнэ нэмэгдээгүй. Гэхдээ вакцинжуулалтын явцтай уялдуулан шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг АМГТГ-ын дэд дарга мэдэгдэв байв. Өөрөөр хэлбэл дархлаажуулалт өндөр хувьд хүрсэн үед бид шатахууны үнийг албаар барьж чадахгүй гэдгээ төрийн төлөөлөл хэлсэн юм.
Энэ ч ёсоор болж, шатахууны үнэ эхний ээлжийн 300 төгрөгөөр нэмэгдэв. Одоогоор АМГТГ энэ тухай ам нээгээгүй байна. Тэдэнд бараг тайлбар үгүй болов уу. Энэ нэмэгдэл эхнийх. Цаашид ч 300 төгрөгөөр нэмэгдэнэ. Нэг л орой эсвэл өглөө импортлогчид нэгэн зэрэг шатахууны үнээ нэмж, 2000 төгрөгийг давуулна.
Шалтгаан нь дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, бид удаан тэссэн гэсэн тайлбарыг импортлогчид өгөх болно. Шатахууны үнийн нэмэгдлийн дараа нийгэмд үүсэх асуудал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөөрөлтийн тухай олон зүйл ярих шаардлагагүй биз ээ.
В.Бат
Уншиж байна |