Өнгөрсөн баасан гаригийн сенсаац сэдэв нь шатахууны үнийн нэмэгдэл байв. Шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх бичгээ газрын тосны удирдах байгууллагад хүргүүлж, сандаргав. Эхний ээлжинд 340 төгрөг, цаашид дахин нэмж, нийтдээ 600 төгрөгөөр нэмэх саналаа салбарын удирдах төрийн байгууллагад дуулгасан болчихоод, маргааш өглөөнөөс нь бүгд нэгэн зэрэг үнээ нэмэхээр тохиролцож байв. Товчхондоо үгсэн хуйвалдсан гэсэн үг. Аль эртнээс нэмэх байсан ч цар тахал, хөл хорио хэмээн Засгийн газар торгоосоор Ерөнхийлөгчийн сонгуультай золгож. Сонгууль ч дуусаж, бид эрх ашгаа бодлоо хэмээн шатахуун импортлогчид сандаргав.
Харин Засгийн газар, Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яам импортлогч компаниудтай тохиролцоо хийж, энэ удаа нэмэхгүйгээр болсноо шөнө оройн цагаар яаран мэдээлэв.
Гэхдээ шатахууны үнэ нэмэхгүй гэдэг тохиролцоо урт хугацааных биш гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаярын мэдээллээс харж болно. Тэрбээр коронавирусийн эсрэг дархлаажуулалт нийт иргэдийн 60-аас дээш хувь гартал шатахуун нэмэх бодлогоо хэрэгжүүлж ажиллана хэмээн мэдээлэв. Өөрөөр хэлбэл төрөөс шатахууны үнийг албадан барих бодлого вакцинжуулалттай уялдаж буй. Нийт иргэдийн 60, 70 хувь нь вакцины бүрэн тунгаа авсны дараа шатахууны үнэ нэмэгдэхийг үгүйсгэсэнгүй. Товчхондоо шатахууны үнэ нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болон үлдэв.
Засгийн газраас, салбарын яамнаас хагас жилийн хугацаанд шатахууны үнийг тогтоон барьж буй. Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч нөөцөө сайн бүрдүүлсэн гэх шалтгаанаар импортлогчдыг хазаарлаж байсан. Харин одоо хязгаарлаж, хазаарлах хугацаа тийм ч их үлдээгүй бололтой. Хэд хоног эсвэл нэг сарын дараа нэг л өглөө шатахууны үнэ багадаа 300 төгрөгөөр нэмэгдсэн байх нь. Ц.Эрдэнэбаяр даргын хэлдгээр импортлогчид ч бизнесийн байгууллага, ашиг орлогоо бодно.
Шатахууны үнийн өсөлтийг дагаад аль хэдийнэ тэнгэрт хадаад байгаа хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Коронавирусийн хөл хорионд туйлдаж, сэхэл аваагүй ард түмэн тартагтаа тулна гэсэн үг. Засгийн газрыг харааж, импортлогчдыг зүхээд ч нэмэргүй нөхцөл байдал монголчуудыг угтах нь цаг хугацааны л асуудал боллоо.
В.Бат
Уншиж байна |