Шүүх үг хэлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулийн эрхийг хамгааллаа
2021-06-05

 

Иргэдийг тусгаарлаж байсан "Энхсаран" сувилал халдвар тараах нөхцөл болж буй бодит байдлыг мэдээлсэн иргэн Д.Мөнхбат цагдаагийн байгууллагын хаалга татаж, багагүй хугацаа барсны эцэст өчигдөр хэрэг нь шийдэгдэв. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэв. 

 

Цагдаагийн байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Харин иргэн Д.Мөнхбат цагдаагийн байгууллагын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг шүүх 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүхээс цагдаагийн байгууллагаас тавьсан 500 мянган төгрөгийн торгуулийг хүчингүй болгож, түүнийг хууль зөрчөөгүй хэмээн үзлээ. Өөрөөр хэлбэл иргэн Д.Мөнхбат Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн хэмээн шүүх үзэв. Түүний Солонгос улсаас эрүүл ирээд Энхсаран сувилалд 21 хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл түгээсэнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Za anh udaa zov saihan medee sonsov, Han uuliin shyygchided talarhaj baina
2021-06-05