Та хүүхдэд ээлтэй жолооч мөн үү?
2021-05-25

Тээврийн цагдаагийн албанаас жил бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Бяцхан зорчигч” аяныг өрнүүлдэг билээ.

 

 

Энэ жил Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөл, Эрүүл мэндийн яам, ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, сургалт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алба хамтран  “Хүүхдэд ээлтэй жолооч” аяныг өнөөдрөөс эхэллээ. Тус аян улсын хэмжээнд нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм.

 

Аяны хүрээнд хийгдэх ажлууд:

 

  1. 10 хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүй хөдөлгөөнд оролцуул байгаа эцэг эх,  асран хамгаалагчийг тогтоож, хор уршгийг ойлгуулах.

  2.  “Би хүүхдэд ээлтэй жолооч” уриалгыг аж ахуйн нэгж, албан байгууллагуудаар аялуулах.

  3. Эрсдэл бүхий Ерөнхий боловсролын сургуулийн судалгааг гаргаж, эрсдэлгүй орчин бий болгох ажил, арга хэмжээ зохион байгуулах.

  4. Сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч нарт цахим хэлбэрээр сургалт зохион байгуулах.

  5. Ерөнхий боловсролын сургуулийн 1-3 анги, 3-5 анги, 6-7 ангийн сурагч нарын дунд 3 төрлөөр гар зургийн уралдааныг зохион байгуулах.

  6. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд зорилтот мэдээ, шторкын уралдааныг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах.

  7. Цахим орчинд хандалт ихтэй, идэвхтэй хүмүүстэй хамтран хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх уриалгыг олон нийтэд түгээх.

  8. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх баримтат кино бэлтгэн, олон нийтэд хүргэх.

  9. Хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, буруу тээвэрлэлтээс үүсэх эрсдэлийг  жолооч, эцэг эхэд хор уршгийг ойлгуулах.

  10. Тандалт судалгаагаар осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг нарийвчлан гаргах тогтолцоог сайжруулах арга хэмжээ авах.

 

Монгол улсын хэмжээнд 2011-2020 оны байдлаар хүүхэд өртсөн 9779 осол бүртгэгдэж,  10,332 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 9874 хүүхэд буюу 95,7 хувь нь гэмтэж, 485 хүүхэд буюу 4,7 хувь амь хохирсон байна. Нийт ослын 8,358 буюу 85 хувь, гэмтсэн хүүхдүүдийн 8,699 буюу 88 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол амь хохирсон хүүхдүүдийн 386 буюу 80 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

 

Өнгөрөгч онд улсын хэмжээнд 625 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 64 хүүхэд амь насаа алдсаны 23 хүүхэд нь авто зам бус өөрсдийн амьдардаг хороолол, хашаандаа тоглож байх үед нь эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхээсээ өмнө орчноо шалгаагүйн улмаас, 30 хүүхэд нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ буюу тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас осолд өртөж амь хохирсон байна.

 

Энэ оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 69 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Энэ нь шууд эцэг, эх насанд хүрэгчдийн хариуцлага, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй ослууд юм.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин