“Хааны эрэлд-2021”-ийн бэлтгэлийг хангаж байна
2021-05-21

“Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг Монгол Улсын ЗХЖШ, АНУ-ын Энэтхэг-Номхон цэргийн командлал, Аляска мужийн Армийн үндэсний гвардтай хамтран 18 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тасалдсан бөгөөд энэ жилийн хувьд долоодугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэхдээ Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавирусын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан оролцогчдыг сургуульд оролцуулах, түүнчлэн халдвар хамгааллын тусгай шаардлагуудыг сургуульд оролцох орнуудад албан ёсоор мэдэгдээд байна.

 

 

“Хааны эрэлд-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцохыг урьсан ЗХЖШ-ын даргын урилгыг Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаатай орнуудад илгээснээр өнөөдрийн байдлаар 11 улс, 1 олон улсын байгууллагын 250 гаруй цэргийн алба хаагч оролцох тухайгаа хариу ирүүлж, өөрийн улсдаа бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Энэ жилийн сургуулийн гол онцлог нь түргэн байрлах хүчний рот болон хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг дэлгэж, гүйцэтгэх үүрэгтэй холбоотой сургалтуудыг нэмж явуулах юм байна.

 

Ирэх зургаадугаар сарын 05-11-ний өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын талын сургуулийн төлөвлөлтийн баг “Хааны эрэлд-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлаар зохион байгуулалтын бусад асуудлыг тодотгож, тохиролцох юм.

 

Эх сурвалж: ЗХЖШ

Shuud.mn
Сонин хачин