Монголын армид хугацаат цэрэгт татагдаж очсон залуусыг дарга, захирагч нар нь дэглэдэг, зоддог, бүр амь насыг нь хөнөөсөн хэрэг зөрчил тасрахгүй байна. Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэж, гэм буруутанд ямар ял шийтгэл өгсөн ч тодорхойгүй байдаг. Үүнээс үүдэн дэглэгчид ч "зүгээр өнгөрдөг" гэж даварсаар хүний амь нас хөнөөх хэмжээнд хүрч буй.
Энэ оны эхээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинэ цэргүүдийг шоолж шоглож, дэглэж буй нь бичлэг олон нийтийн сүлжээнд ил болж, "цэрэгт дэглэлт байхгүй" гэж ярьдаг зэвсэгт хүчний байгууллагын удирдлагуудын амыг тагласан. Уг бичлэгийг тус ангид алба хааж байсан М, О, Э нар хийснийг тогтоож, хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 28.3-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс хорих ял оноолоо. Шинэ цэргийг дэглэсэн М, О, Э нарт зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэднийг захирагдагчдаа хүч хэрэглэсэн, цэргийн албан хаагчтай харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцжээ.
Тэд шинэ цэрэгтэй зүй бус харьцсан учраас шүүхээ ял сонслоо. Цэрэгт байхдаа үйлдсэн хэргээсээ болж, халагдаад энгийн иргэн болсныхоо дараа ялтан болсон нь энэ. Шүүхийн энэ шийдвэр шинэ цэргүүдийн үйлийг үздэг дэглэгчдэд сургамж болох биз ээ.
В.Бат
Уншиж байна |