Монголын малчин залуус мотоциклийн ослоор амь насаа алдах тохиолдол эрс нэмэгдлээ. Энэ оны эхний таван сарын байдлаар мотоциклийн 92 ослоор 51 хүн гэмтэж, 27 хүн амь насаа алдаад байна. Тэдний 26 нь эрэгтэй бөгөөд хамгийн залуу нь 19 настай. Тээврийн цагдаагийн байгууллагын статистик мэдээллээс харвал мотоциклийн ослоор 19-58 насны эрчүүд амь насаа алдсан байна. Нийт ослын 81 хувь нь орон нутгийн шороон замд гарч, ид хөдөлмөрийн насны малчин залуус амь насаа алджээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд мотоциклийн 4925 осол гарч, 2132 хүн гэмтэж, 698 хүн амь насаа алджээ. Өнгөрсөн 2020 онд гэхэд энэ төрлийн 479 осол бүртгэгдэж, ослын улмаас 295 хүн гэмтэж, 74 хүний амь хохирсон байна. Зуу зуун гэр бүл өрхийн тэргүүнээ, хүүгээ, олон олон хүүхдүүд аавыгаа алдсан гэсэн үг.
Тэгвэл ослын шалтгаан юу вэ?
-Хурд хэтрүүлэх
-Согтуугаар жолоо барих
-Бүрэн бус тээврийн хэрэгсэл зэрэг голлох шалтгааны улмаас осол гардаг байна. Согтуугаар жолоо барьж хурд хэтрүүлснээс хад чулуу мөргөх, жалга руу унах зэргээр онхолдож, толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр эрүүл мэнд, амь насаараа хохирчээ.
Онхолдсон учраас хятад мотоцикл, уугдсан учраас архи буруутай биш. Эрүүл бус ухаантайгаар амь насаа төмөр дөрөөн дээр тавьсан залуус та бүхэн өөрсдөө буруутай. Төмрөөр бүтээгдсэн унаа бол морь биш. Мориноос та унаад хоцорч болох ч мотоцикл таны эрүүл мэнд, амь насыг хохироох эрсдэлтэйг энэ бүх тоо баримт харуулна.
Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн санд 2020 оны байдлаар 1.137.208 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 67.796 буюу 6.0 хувь нь мотоцикл байна. Үүнээс 9.834 буюу 14.5 хувь нь нийслэлд, 57.962 буюу 85.5 хувь нь орон нутагт бүртгэлтэй байна. Үүнээс Баянхонгор аймагт 5863, Өвөрхангай аймагт 4795, Дундговь аймагт 4436, Төв аймагт 4345, Увс аймагт 4276 мотоцикл бүртгэлтэй байгаа нь бусад айгуудаас мотоциклын хэрэглээ илүү байна. Тэр хэрээр энэ аймгуудад мотоциклийн осол их гарчээ. Тухайлбал, өнгөрсөн 2020 онд Архангай аймагт 23, Баянхонгор аймагт 35, Өвөрхангай аймагт 33, Сүхбаатар аймагт 29 мотоциклын осол, хэрэг бүртгэгджээ.
Тэгвэл одоо яах вэ? Жил бүр олон арван залуусаа мотоциклийн ослоор алдахгүйн тулд юу хийх вэ? Бурууг Хятад мотоцикл руу түлхэж, амь насаа алдсан залуусыг тоолсоор суух уу?!
Цагдаагийн байгууллагаас мотоциклийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг иргэдэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Мотоцикл”, “Хамгаалах малгайгаа тогтмол хэрэглэж хэвших” “Мотоциклын техникийн бүрэн бүтэн байдал” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Гэвч энэ бүхэн малчин залуусын эрүүл мэнд, амь насыг хамгаалах төгс арга биш. Өөрөөр хэлбэл залуус өөрийнхөө амийг өөрөө л хамгаална. Наанадаж л архи уусан үедээ жолоо барихгүй байвал та өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалж, гэр бүлийнхээ элэг бүтэн авч үлдэж чадна. Мотоцикл гэх хурдан унаа таны ажлыг хөнгөвчилдөг нь мэдээж. Гэхдээ сонор сэрэмж, болгоомжтой жолоодохгүй бол эрүүл мэнд, амь насыг чинь эргэлт буцалтгүйгээр авч одох аюултай санаарай.
В.Бат