МҮХАҮТ-аас "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгыг танилцууллаа. Цар тахлын нөлөөгөөр уналтад орсон эдийн засгийг хэрхэн сэргээх талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин танилцуулав. Тэрбээр вакцинжуулалтын дараа эдийн засгийн санхүүгийн тохируулгыг заавал хийх шаардлагатайг хэлж байна. Санхүүгийн тохируулгыг хийхгүйгээр эдийн засгаа аварч, их сэргэлтэд хөл нийлүүлэх боломжгүй. Хятадын эдийн засгийн 1 хувийн өсөлт Монголын эдийн засагт 0.83 хувийн нөлөө үзүүлдэг. БНХАУ-ын эдийн засаг 18 хувиар өсөөд байхад Монголынх унаад байна. Өөрөөр хэлбэл боломжийг ашиглаж чадахгүй байна гэдгийг хэлж, эдийн засгийг сэргээхийн тулд хийх алхмуудыг танилцууллаа.
1.Эдийн засгийн их сэргэлтийг авчрахын тулд экспорт болоод гадны хөрөнгө оруулалтад шууд анхаарч ажиллах Худалдаа-эдийн засгийн яамыг байгуулах шаардлагатай. Их сэргэлтийн тусгай нэгжийг зайлшгүй байгуулж, Засгийн газрын танилцуулсан 100 төсөл хөтөлбөрийг зөв зохион байгуулалттай хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцох ёстой.
2.Нэг удаагийн эдийн засгийн өршөөлийг зайлшгүй ярих хэрэгтэй.
3.Үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээхийн тулд НӨАТ-ын хувь хэмжээг эргэж харах ёстой.
4.Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг эргэж харж, том хэмжээний реформ хийх шаардлагатай.
5.Иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулахад 940 зөвшөөрөл авдаг. Үүнийг эрс бууруулахгүйгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэхгүй.
6.Нийгмийн даатгал, татварын өр төлбөр, түүнээс үүсч буй хүү алданги, хариуцлагыг зохицуулах шаардлагатай.
7.Зөрчлийн хуулиар тавьсан олон торгууль, хариуцлагыг эргэж харах шаардлагатай байна.
8.Монголбанкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд 8000 компани, 300 мянган иргэн “хар жагсаалт”-д байдаг. Тэдэнд зээл авах боломж байхгүй. Энэ жагсаалтыг цэвэрлэхгүй бол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээж чадахгүй.
9.Дэлхий даяар түүхий эдийн супер цикл эхэлж байна. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн үнэ өсөлттэй байна. Хятадын эдийн засаг асар их өсөлттэй байна. Бид үүнийг нэн яаралтай боломж болгон ашиглахгүй бол хоцорно.
10. Манай улс Эрчимтэй хөгжлийн бодлого гаргаж, эдийн засгаа 2025 онд хамгийн багадаа 30 тэрбум болгох зайлшгүй шаардлага бий болж байна. Ингэхийн тулд хувийн хэвшил манлайлж, бүгд гараанаас шинээр эхэлж, бие биендээ боломж олгоё. Ингэж чадвал Монголд эдийн засгийн их сэргэлтийг бий болгох боломж бүрдэнэ гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.
В.Бат
Уншиж байна |