Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр застав дээр Монгол Улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч нар харуулын даргын амь насыг хөнөөж, оргосон мэдээллийг бид хүргэсэн. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл өглөө. Одоогоор байлдагч нарыг эрэн хайж байна. Тэд Алтай сумаас 50 км зайд Хонхор заг гэдэг газар мотоциклоо орхиод явсныг тогтоож, холбогдох байгууллагынхан араас нь мөрдөж байна.
Амиа алдсан харуулын дарга хамгийн шилдэг албан хаагч байсныг Ш.Лхачинжав дэд дарга мэдээллээ. Тэрбээр байлдагч нарт ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Харин оюунлаг, яруу найраг сонирхдог, цэргүүдэд шүлэг уншиж өгдөг байсан гэсэн мэдээллийг тухайн ангийн цэргүүд өгөөд буй аж. Талийгаач эхнэр, 3 хүүхэдтэй байжээ.
Хүний амь нас хөнөөж, оргосон цэргүүд Ховд аймгийн Чандмань сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат залуус бөгөөд 2020 оны 10 сард татагдаж иржээ. Хоёр цэрэг галт зэвсэг, 45 сумтай явааг тогтоожээ.
В.Бат