Засгийн газраас цар тахлын тархалттай холбогдуулан иргэдийн амьжиргааг дэмжих арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Иргэдийн амьдралд бэлэн болон бэлэн бусаар хүрч бус дэмжлэгийн эх үүсвэрийг уул уурхайгаас гаргаж буй.
Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрөө төлүүллээ
У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргасан. Нийтдээ 123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүдийн хэрэглээний төлбөрийг тэглэж, санхүүгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байна. Ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж, та бид ус цахилгааны төлбөрийг мартан амьдарч байна. Өнгөрсөн 12 дугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1 аж ахуй нэгжүүд, бүх айлууд ус цахилгааныхаа мөнгийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлж буй юм.
Мянган төгрөгийн үнэтэй түлш ч уул уурхайн бүтээгдэхүүн
Засгийн газар зөвхөн орон сууцанд амьдардаг иргэдийн дулааныг хариуцсан шигээ гэр хорооллын иргэдийн түлшний үнийг ч буулгасан. Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулан, 1000 төгрөг болгосон. Энэ сарын нэгнийг хүртэл гэр хорооллынхон хөнгөлөлттэй түлш хэрэглэж байв. Энэ түлшний эх үүсвэр мөн л уул уурхай. Тавантолгойн нүүрсээр сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, иргэдэд хүргэдэг.
Оюутолгойн татвараар хоол хүнсний мөнгөө залгууллаа
Засгийн газар шийдвэр гаргаж, хатуу хөл хорионы үед дэмжлэг болгон иргэн бүрт 300 мянган төгрөгийг өчигдрөөс дансанд нь шилжүүлж эхэлсэн. Энэ мөнгөний эх үүсвэр өнөө л уул уурхай. Оюутолгойн татвар болох 1 их наяд 26.5 тэрбум төгрөгийн татварыг иргэдэд нэг удаагийн дэмжлэг болгон хуваарилалаа. Иргэн бүрт гэхээр таван ам бүлтэй айл Оюутолгойгоос 1.5 сая төгрөгийг бэлнээр авч байна гэсэн үг.
Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцааны ногдол ашиг тараалаа
1072 хувьцаатай иргэн бүр 86 832 төгрөгийн ногдол ашиг хүртлээ. Өмнө нь ч иргэд сургалтын төлбөр, өндөр настны нэг сая төгрөг гэхчлэнгээр мөнгөн тэтгэмж авсан байв. Үүний эх үүсвэр мөн л уул уурхай. Эрдэнэс Тавантолгой компани хувьцаа эзэмшигч хоёр сая иргэнд 179 тэрбум 830 сая төгрөгийг ногдол ашиг болгон хуваариллаа.
Ийн олон баримт дурдсаны учир нь улсын эдийн засаг, та бидний цалин, тэтгэвэр тэтгэмж, хоол хүнсний мөнгө уул уурхайгаас эх үүсвэртэй гэдгийг хэлэхийг хүслээ. Газар шороо ухлаа, эх орны баялгийг зөөлөө, уул уурхайг эсэргүүц, зогсоо, гацаа хэмээн хашгирдаг хүмүүсийг ч алагчлахгүй уул уурхайн үр өгөөжийг хүртээлээ. Хүндрэлтэй цагт уул уурхай монголчуудыг тэжээж байгааг та бид харж байна. Уул уурхайг зогсоохыг шаардаж, эсэргүүцэгчид ч мөнгөнөөс татгалзахгүй байгааг харлаа. Уул уурхай зогсвол Монголын амьдрал зогсоно гэдгийг цар тахал бидэнд ойлгууллаа. Харин одоо уул уурхайг эсэргүүцэж, зүхэгсэд юу бодож байгаа нь сонин байна.
В.Бат